НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд Санжаагийн Баярын урилгаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга эрхэмсэг ноён Бан Ги Мүн гэргий Суун Таекийн хамт энэ сарын 26-28-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.
БНСУ-ын иргэн Бан Ги Мүн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2007 оны 1 дүгээр сарын 1-нээс ажиллаж байгаа бөгөөд тэрбээр төр, засгийн өндөр албыг 37 гаруй жил хашсан мэргэжлийн дипломатч юм.
Тэрээр БНСУ-ын НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдохоос өмнө БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Бодлого төлөвлөлтийн асуудал эрхэлсэн орлогч сайд, Гадаад хэргийн сайдын тусгай зөвлөх, Америкийн газрын ерөнхий захирал, НҮБ-ын Вена дахь төвд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайдаар ажиллаж байжээ.