Бүс нутгийн удирдлагууд хямралыг гэтлэн давах асуудлыг хамтдаа шийдэрлэнэ
2009.07.22

Бүс нутгийн удирдлагууд хямралыг гэтлэн давах асуудлыг хамтдаа шийдэрлэнэ

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Хятадын Жилинь мужийн дарга Хань Чанфу тэргүүтэй  өчигдар бараалхав.

Тус мужийн төлөөлөгчид өнөөдөр Төв аймагт эхлэх Зүүн хойт Азийн бүс нутгийн 14 дэх удаагийн уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн. Энэ бүс нутгийн таван улсын аймаг, мужийн удирдлагууд 1994 оноос хойш жил бүр уулзаж, хамтын ажиллагааны асуудлаа ярилцаж санал солилцдог уламжлал тогтоод байгаа. Энэ жил бүс нутгийнхан дэлхий дахиныг хамраад байгаа эдийн засгийн хямралыг хамтдаа хэрхэн гэтлэн давах болон бүс нутгийн хамтын ажиллагаа, Түмэн гол төслийн талаар зөвлөлдөхөөр цуглаад байгааг Жилинь мужийн дарга дурьдлаа.

УИХ-ын дарга өнгөрсөн оны сүүлчээр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны даргын урилгаар албан ёсны айлчлал хийх үеэрээ Жилинь мужид зочилж, хөгжил цэцэглэлттэй нь танилцсанаа дурсаад тус муж нь Зүүн хойт Азийн бүс нутагт тэргүүлэх үүрэгтэй газрын нэг юм. Тиймээс ч бүс нутгийн аймаг, мужуудын удирдлагууд хямралыг гэтлэн давах асуудлыг хамтдаа шийдэхээр цуглаад байгаа нь чухал ач холбогдолтой юм гэдгийг онцлон тэмдэглэв. Энэ жил тохиож байгаа хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хоёр тал хамтран олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгааг УИХ-ын дарга дурьдаад бүс нутгийн энэ удаагийн уулзалт, удахгүй Жилинь мужид нээгдэх гэж байгаа олон улсын уламжлалт үзэсгэлэн яармаг зэрэг нь энэ чиглэлд чухал ач холбогдолтойг онцлов.


Жилинь мужийн төлөөлөгчид Монголын талтай уул уурхай, ашигт малтмал, хөдөө аж ахуй, мал аж ахуй гээд бүхий л салбарт хамтран ажиллах боломжтойг дуулгаад энэ оны есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд тус мужид зохиогдох худалдаа, эдийн засгийн олон улсын үзэсгэлэн яармагт Монголын аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцоно гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл манай улсад хүмүүнлэгийн шугамаар ажиллаж байгаа БНСУ, Японы анагаах ухааны нэр хүндтэй зарим эрдэмтэн профессоруудыг мөн өдөр хүсэлтээр нь хүлээн авч уулзаж, санал солилцов. Тэрбээр өнөө үед хүн төрөлхтөн хүмүүнлэгийн салбарт нягт хамтран ажиллах нь чухал байгааг онцлоод манай улсын эрүүл мэнд, сургалтын байгууллагуудад санаа тавьж тусламж дэмжлэг үзүүлж байгаад нь тэдэнд талархал илэрхийллээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, албаны бусад хүн байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.