Энэтхэг улс зээл, тусламж үзүүлэх боломжтойг нотлов
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёогшвар Вармаг өнөдөр хүлээн авч уулзав.
Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд уригдаж оролцсон Энэтхэг Улсын Гадаад хэргийн төрийн сайд хатагтай Принийт Каур Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзах үеэрээ тус улсаас Монгол Улсад 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох, улаан буудай, цагаан будааны буцалтгүй тусламж үзүүлэх боломж байгааг мэдэгдсэнийг ноён Элчин сайд УИХ-ын даргад уламжлав.
Тэрбээр Энэтхэг улсад шинэ энергийн хэрэгцээ их байгаа, ялангуяа цөмийн энергийн хувьд томоохон зорилттой ажиллаж байгаа, энэ салбарын хувьд орчин үеийн техник технологи сайтайг онцлоод энэ боломжоо ашиглан монголчуудтай ураны ашигт малтмал олборлох, цөмийн энергийн салбарт үр өгөөжтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уулзалт ярианы үеэр илэрхийлэв.
Мөн тус улсад өнгөрсөн дөрвөн жилд эрх барьж байсан Конгресс нам саяхан болсон парламентын сонгуулиар Үндэсний Ассамблейд дахин ялалт байгуулсныг Элчин сайд дурдаад цаашдаа улс төрийн байдал тогтвортой байх чиг хандлагыг тодорхойлсон сонгууль болж өнгөрснийг онцоллоо.
Энэтхэгийн Засгийн газраас хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж үзүүлэх боломжийн талаар таатай мэдээ дуулгасанд нь УИХ-ын дарга ноён Элчин сайдад талархал илэрхийлээд Монгол Улсын хөгжилд БНЭУ-ын техникийн туслалцааны хөтөлбөр үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв. Монгол Улс цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт төрөөс баримтлах бодлогоо тодорхойлохоор ажиллаж байна. Энэ салбарын эрх зүйн орчинг тодорхойлсон хууль батлах юм. Орчин үеийн өндөр техник технологитой, аль аль талдаа үр өгөөжтэй, найдвартай түншээ сонгож хамтрахыг хичээх болно гэдгээ УИХ-ын дарга онцлов.
УИХ-ыг даргыг энэ онд Энэтхэг Улсад айлчлахыг ноён Элчин сайд уулзалтын үеэр албан ёсоор урилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.