УИХ-ын дарга Казахстаны төлөөлөгчидтэй уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл манай оронд айлчилж байгаа Казахстаны Ардын Ардчилсан нам “Нур Отан” –ны нэгдүгээр орлогч дарга, Намын улс төрийн зөвлөлийн товчооны гишүүн Калетаев Дархан Аманович тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Хоёр улсын төрийн өндөр дээд хэмжээний харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжин уламжлалт найрсаг харилцаа өргөжин хөгжиж байгааг УИХ-ын дарга уулзалтын эхэнд тэмдэглээд, эдгээр айлчлалын үеэр хүрсэн тохиролцоо, Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх талаар хоёр тал санаачилгатай ажиллаж, нөөц бололцоогоо дайчлан ажиллах хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа онцоллоо.
Мөн Монгол, Казахстаны өргөн хүрээтэй түншлэлийн харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, аймаг, мужуудын шууд харилцааг хөгжүүлэх чиглэлд анхаарч, тэр дундаа ОХУ-ын нутгаар дамжин Монгол, Казахстаныг холбосон автозамыг байгуулахад анхаарал хандуулах, бүс нутгийн хүрээнд хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай байгааг хэлэв.
Эцэст нь Казахстаны улс төрийн амьдралд ихээхэн нөлөө бүх “Нур Отан” намын төлөөлөгчид манай оронд айлчилж байгаа нь хоёр улсын улс төрийн намуудын хоорондын харилцаа төдийгүй Монгол, Казахстаны нийт хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байгаагаа УИХ-ын дарга тэмдэглээд, Казахстаны Сенатын болон Мажилисын дарга нарт өөрийн мэндчилгээг уламжилж өгөхийг төлөөлөгчдийн тэргүүнээс хүслээ.
Төлөөлөгчдийн тэргүүн Калетаев Дархан Аманович УИХ-ын даргыг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, хоёр орон эртний түүхэн уламжлалт харилцаатай бөгөөд найрамдалд хамтын ажиллагаа өндөр түвшинд өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв. Тэрээр хоёр намын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах , залуучуудыг ойртуулан нягтруулах, бие биеэсээ суралцах, туршлага судлуулах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсээс мэдээлэв.