Сайд С.Батболд Х.Клинтонтой уулзав
2009 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд С. Батболд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтонтой Төрийн департаментад уулзаж, хэлэлцээ хийв. Хэлэлцээний өмнө сайд С. Батболд, ТНБД Хилари Клинтон нар хэвлэл мэдээллийнхэнд хандан хоер талын харилцаа, хамтын ажиллагааны талаар товч мэдэгдэл хийв.
Уулзалт хэлэлцээний үеэр Сайд С. Батболд Монгол, Америкийн харилцааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, иж бүрэн түншлэлийн харилцааг улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, хүрээлэн буй орчин, батлан хамгаалах зэрэг бололцоотой бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. МСС-гийн төмөр замын төсөлтэй холбогдуулан үүссэн нөхцөл байдлыг тайлбарлаж, уг төсөлд хуваарилагдсан хөрөнгийг Монгол Улсад нэн тулгамдаж байгаа зарим зорилтыг шийдвэрлэх төсөлд зориулах, МСС-гийн шугамаар хэрэгжүүлж байгаа 3 төслийг өргөтгөн санхүүжүүлэхэд шилжүүлэхийг санал болгож, зохих дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Мөн дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал Монгол Улсад сөргөөр нөлөөлж байгааг танилцуулж, АНУ-ын зүгээс хөгжиж байгаа орнуудад зориулж үзүүлэх санхүүгийн тусламжийн хөтөлбөртөө Монгол Улсыг хамруулахыг хүсэв. Сайд С. Батболд хамтын ажиллагааг мөн боловсрол, батлан хамгаалах зэрэг салбар, олон талын хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэх асуудалд чухал ач холбогдол өгч ярив.
ТНБД Х. Клинтон хоёр талын харилцааны асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэнд сайд С. Батболдод талархал илэрхийлж, Конгрессоор хэлцэгдэж байгаа эдийн засгийн тусламжийн хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах асуудлыг нааштайгаар авч үзэхээ илэрхийлэв. Мөн Монгол Улсаас илүү олон оюутан АНУ-д сургах, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, МСС-гийн төмөр замын төслийн хөрөнгийг өөр төсөлд шилжүүлэх зэрэг асуудлыг анхааралтай судлан үзэхээ илэрхийлэв.
Талууд бүс нутаг, олон улсын байгууллагуудын хүрээнд хамтран ажиллах талаар болон олон улсын бусад асуудлаар харилцан ярилцав.
АНУ-ын тал Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд өндөр хэмжээнд төлөөлөгч илгээхээр төлөвлөж байгаагаа илэрхийлэв.
Сайд С. Батболд хатагтай Х. Клинтоныг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урив.
Уулзалт элэгсэг дотно байдалд болов.
Мөн өдөр Гадаад харилцааны сайд С.Батболд Монгол-Америкийн 4 дэх бизнес Форумын нээлтэд оролцож үг хэлэв. Энэхүү арга хэмжээнд монголын болон америкийн талаас нийтдээ 90 орчим төлөөлөгч оролцож байна.
Айлчлал үргэлжилж байна.