Байнгын хороодын дарга нар санал солилцов
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Батбаяр манай оронд айлчилж байгаа Бүгд Найрамдах Чех Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын Байгаль орчны байнгын хорооны дарга Либор Амброзек тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. Хоёр улсын парламентад адил чиг үүрэгтэй байнгын хороодын дарга нар халуун дотно яриа өрнүүлж, байнгын хороодын бодлого, чиглэл, үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар харилцан ярилцаж санал солилцлоо.
Мөн ашигт малтмал, уул уурхайн салбарт олгогддог хайгуул, ашиглалтын лиценз , нөхөн сэргээлт, дэлхий нийтээр нүүрлээд буй байгаль цаг уурын дулаарал, цөлжилт, бэлчээр ашиглалтын талаар ярилцаж өөрсдийн орны туршлагаас хуваалцав. Байнгын хорооны дарга Б.Батбаяр Чехийн Засгийн газраас манай улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, тусламж үр өгөөжөө өгч, ялангуяа байгаль орчныг хамгаалах чиглэлд анхаарал хандуулан байгаль орчин, усны аж ахуй, геологи судалгаа, хөдөө аж ахуйн чиглэлээр томоохон хөрөнгө оруулалт хийж байгаад талархалтай байгаагаа илэрхийлээд, хоёр талын цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжин гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэв. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Чехийн парламентын бүлгийн дэд дарга Д.Балдан-Очир, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нар байлцлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсээс мэдээлэв.