Кристиан Ноёр: Бүр Монголын парламентын тэргүүнтэй уулзах завшаан тохиосонд үнэхээр их баярлаж байна
2009.06.03

Кристиан Ноёр: Бүр Монголын парламентын тэргүүнтэй уулзах завшаан тохиосонд үнэхээр их баярлаж байна

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Монголбанкны 85 жилийн ойн баярт оролцохоор манай оронд хүрэлцэн ирсэн Францын Төв банкны ерөнхийлөгч Кристиан Ноёр, Японы Төв банкны дэд ерөнхийлөгч Хирохира Ямагучи нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Манай улс зах зээлийн харилцаанд шилжиж, банкны системээ шинэчлэхэд Япон, Франц улсын зүгээс мөнгөнөөс дутуугүй үнэ цэнтэй зөвлөгөө өгч, дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд УИХ-ын дарга талархал илэрхийллээ. Мөн дэлхий нийтээрээ санхүү, эдийн засгийн хямралтай байгаа энэ үед Европын санхүүгийн нөлөө бүхий байгууллагын нэг болох Францын Төв банк болон манай улсад ихээхэн дэмжлэг үзүүлдэг Япон улсын Төв банкны удирдлагууд хүрэлцэн ирж санал солилцон, арга туршлагаа хуваалцаж байгаа нь манай орны банкны нэр хүндийг өргөх, харилцагчдын итгэлийг батжуулахад чухал алхам болж буйг онцлон тэмдэглэлээ.
Францын Төв банкны ерөнхийлөгч ноён Кристиан Ноёр хэлэхдээ, би Монгол Улсад очиж үзэхсэн гэж ихэд хүсдэг байлаа. Энэ удаа миний хүсэл биелж, бүр Монголын парламентын тэргүүнтэй уулзах завшаан тохиосонд үнэхээр их баярлаж байна. Тантай уулзсан маань миний хувьд нэр төрийн хэрэг юм. Францын Төв банкны ерөнхийлөгч, Европын санхүүгийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүний хувьд би Монгол Улсын банкны үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийн төлөө байна гэдгээ илэрхийлэв. Төв банкууд нь хэдийгээр бие даасан байгууллага боловч парламентад ажлаа тайлагнадаг, хариуцлагаа хүлээдэг учраас парламентын зүгээс үзүүлэх дэмжлэг чухал юм гэдгийг ч тэрбээр онцолж байлаа. Уулзалтад Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, дэд ерөнхийлөгч Д.Энхжаргал, УИХ-ын даргын зөвлөх Д.Даваасамбуу, албаны бусад хүн оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.