Чехийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч улзав
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл манай оронд айлчилж байгаа БНЧУ-ын Парламентын Төлөөлөгчдийн танхимын байгаль орчны байнгын хорооны дарга Либор Амброзек тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Монгол, Чехийн ард түмний уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт амжилттай хөгжиж байгаа, тэр дундаа хоёр орны хууль тогтоох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл ханамжтай байдгаа УИХ-ын дарга уулзалтын эхэнд илэрхийлэв. 2000 онд Чехийн Сенатын байнгын хорооны дарга П.Смутны, 2005 онд БНЧУ-ын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Любомир Заоралек нар Монгол Улсад, 2007 онд УИХ-ын дарга Д.Лүндээжанцан Чех улсад айлчилсан нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг олон салбарт идэвхжүүлэхэд чухал түлхэц өгснийг тэрбээр онцлоод Чехийн парламентын төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал нь хоёр орны парламент хоорондын харилцааг шинэ шатанд гаргахад бас нэг том алхам болж буйг тэмдэглэлээ. Мөн Чех улс нь энэ оны нэгдүгээр сараас Европын Холбоог даргалж буйд УИХ-ын дарга баяр хүргээд энэ хугацаанд Чех улс нь Европын Холбооны Тройкагийн айлчлал, тус холбооноос манай улсад суугаа Элчин сайд нарын уулзалт зэрэг хоёр орны төдийгүй Монгол Улс, Европын Холбооны харилцаанд ихээхэн хувь нэмэртэй чухал арга хэмжээнүүдийг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийллээ.
Монгол оронд зочлох боломж олгож, хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүүлсэнд ноён Либор Амброзек УИХ-ын даргад талархлаа илэрхийлээд Чех, Монголын харилцаа олон жилийн түүхтэй, цаашид ч харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломжтой юм. Бидний энэ удаагийн айлчлал ч хоёр орны харилцааны өнөөгийн түвшинг нүдээр харж, цаашдын боломж, арга замаа эрж олоход үр өгөөжтэй болно гэдэгт итгэж байна гэлээ. Чех улс Европын Холбооны идэвхтэй гишүүн, нөлөө бүхий орны хувьд уламжлалт, найрсаг харилцаатай Монгол Улсын бодлогыг дэмжих, эдийн засаг, нийгмийн хөгжилд нь хувь нэмрээ оруулахын төлөө байна гэдгээ тэрбээр онцлов. Чехийн тал Монгол Улстай харилцаагаа улам өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа дурьдаад энэ оны есдүгээр сард хийхээр товлосон хоёр орны Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанд ихээхэн анхаарал тавин бэлтгэж буйгаа онцолж байлаа.
Чех улс Монголд арав гаруй жилийн хугацаанд хөгжлийн тусламж үзүүлсэн, ялангуяа байгаль орчныг хамгаалах чиглэлд үр дүнтэй төслүүд хэрэгжүүлж ирсэнд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл талархал илэрхийлээд 2010 оноос хойших хугацаанд ч Чехийн Засгийн газар Хөгжлийн албан ёсны хамтын ажиллагааны хөтөлбөртөө Монгол Улсыг урьдын адил тэргүүлэх орны тоонд хамруулна гэдэгт найдаж буйгаа онцлоод энэ талаар Чехийн Парламентын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Мөн манай боловсон хүчин, мэргэжилтэй ажилчдыг сургаж бэлтгэхэд Чех улс ихээхэн дэмжлэг үзүүлснийг тэмдэглээд цаашдаа ч Монголоос ажилчид олнооор авч ажиллуулах боломж бүрдэх байх гэж найдаж буйгаа хэллээ.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө ах ахуйн байнгын хорооны дарга Б.Батбаяр, УИХ дахь Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Ж.Батсуурь нар Чехийн парламентын төлөөлөгчдийг мөн өдөр хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллаагааны талаар санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв