Дэлхийн банк тусламж дэмжлэгээ үргэлжлүүлэхээ мэдэгдлээ
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Дэлхийн банкны Удирдах захирал Хуан Хосе Дабуб, Монгол Улсыг хариуцсан Гүйцэтгэх захирал Жим Хаган нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, санал солилцов.
Эдийн засаг, санхүүгийн хямралын энэ үед Дэлхийн банкнаас ядуу буурай болон хөгжиж буй орнуудад үзүүлэх тусламжаа гурав дахин нэмэгдүүлэх зорилттой байгааг ноён Хуан Хосе Дабуб онцлоод Монгол Улсын тухайд нийгмийн хамгаалал, уул уурхай, банк санхүүгийн салбарт илүү анхаарч тусламж, дэмжлэг үзүүлэх чиглэл баримталж буйгаа илэрхийлэв. Тиймээс хямралын үр дагавар, түүнийг гэтлэн давах талаар төр, засгаас авч буй бодлого, арга хэмжээтэй танилцах, Дэлхийн банкны зүгээс үзүүлэх тусламж, дэмжлэгийн талаар харилцан санал солилцох зорилготой ажиллаж буйгаа дурьдав.
Дэлхийн банк нь манай улсын томоохон гадаад түнш. Монгол Улс, Дэлхийн банкны хамтын ажиллагаа 1991 оноос хойш өргөжин хөгжиж, тус банкнаас манай улсын шилжилтийн үйл явц, хөгжлийг дэмжин төсвийн нөөц бололцоог сайжруулах, ядуурлыг бууруулах зорилгод нийцүүлэн удирдлага, санхүүгийн салбарт зохистой шинэчлэл хийх, дэд бүтэц, хүний нөөцийн бололцоог дээшлүүлэх чиглэлээр дэмжлэг туслалцаа үзүүлж, олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэнд УИХ-ын дарга талархал илэрхийлээд Дэлхийн банкнаас Монгол Улсад үзүүлэх тусламж дэмжлэгийн талаар барьж буй бодлого, чиглэлтэй санал нэгтэй буйгаа онцлов. Тэрбээр, төрөөс банкны салбарыг бэхжүүлж, иргэдийн банкинд итгэх итгэлийг өргөх бодлого барьж байгаа ч мөнгө хөрөнгийн хомсдолоос шалтгаалан одоогоор бодит эдийн засгийг сэргээх талаар банк дорвитой ажиллаж чадахгүй байна. Мөн экспортыг дэмжих, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд хөрөнгийн эх үүсвэр олох шаардлагатай байна. Уул уурхайн салбараа ашиглахад дэд бүтцийн асуудал тулгамдаж байгаа тул энэ чиглэлээр дэмжлэг туслалцаа чухал байгааг онцлов. Хүн амын нийгмийн хамгааллын асуудлын тухайд Дэлхийн банк, ОУВС-гийн мэргэжилтнүүд хүүхдэд олгож буй мөнгөн тусламжийг тодорхой зорилтот хэсэгт чиглүүлэхийг зөвлөдөг. Харин манай төрийн бодлогод хүүхдийг ялгаварлахгүйгээр адил тэгш хандах тогтсон чиглэлийг барьж байгааг дурдаад нийгмийн халамжийн арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх талаар анхаарахыг хүсэв.
УИХ-ын дарга эцэст нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг борлуулах, экспортыг дэмжих замаар жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлыг Дэлхийн банкны зүгээс Монгол Улсад үзүүлэх тусламж дэмжлэгийн нэг чиглэл болгож авч үзэхийг хүсээд Монгол Улс ОУВС-тай тохирсон хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.
Ноён Хуан Хосе Дабуб Монголд нэмэлт зээл, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, дэд бүтцийг хөгжүүлж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх талаар УИХ-ын даргын тавьсан саналыг Дэлхийн банкны Удирдах зөвлөлийн гишүүдэд уламжлахаа илэрхийлээд тус банк цаашид ч Монгол Улстай үр дүнтэй хамтран ажиллаж, тусламж дэмжлэгээ үргэлжлүүлэн үзүүүлнэ гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.