Төв, Сэлэнгэ зэрэг аймагтай шууд харилцаа тогтоох замаар харилцааг өргөжүүлнэ
2009.07.20

Төв, Сэлэнгэ зэрэг аймагтай шууд харилцаа тогтоох замаар харилцааг өргөжүүлнэ

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл манай оронд айлчилж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Асссамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Камсинг Сайякон тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.

УИХ-ын дарга уулзалтын эхэнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа парламент хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд улам өргөжин хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаа, өнгөрсөн оны сүүлчээр Лаосын Үндэсний Ассамблейн урилгаар тус улсад хийсэн УИХ-ын даргын албан ёсны айлчлал амжилттай болсон, энэ удаа Лаосын парламентын төлөөлөгчид манай оронд айлчилж байгаа нь хоёр орны иргэдийн төлөөллийн байгууллагуудын харилцааг шинэ шатанд гаргахад чухал алхам болж буйг онцлон тэмдэглэв.

Өнгөрсөн онд Лаост айлчлахдаа парламент дахь найрамдлын бүлгийн гишүүдийг айлчлах санал дэвшүүлсэн нь ийнхүү амжилттай хэрэгжиж байгаад ноён Камсинг Сайякон УИХ-ын даргад талархал илэрхийлээд Лаосын Үндэсний Асссамблейн даргын мэндчилгээг уламжлав. Парламент дахь найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааг улам өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой, парламентын түвшинд арга туршлагаа харилцан хуваалцах, санал бодлоо солилцох замаар бие биеэсээ суралцах зүйл их байгааг тэрбээр онцлоод УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн гишүүдийг Лаост айлчлахыг урив.

Лаосын зарим аймаг Монголын Төв, Сэлэнгэ зэрэг аймагтай шууд харилцаа тогтоох замаар иргэд, байгууллага хоорондын харилцааг өргөжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахааар болсон, мөн Лаост монголчуудын байгуулж өгсөн 60 ортой эмнэлэг хэвийн үйл ажиллагаа явуулж, дөрвөн монгол мэргэжилтэн сайн ажиллаж буйг ноён тэрбээр УИХ-д дуулгаад цаашид тус эмнэлгийг засварлахад туслалцаа үзүүлэх, хэдэн жилийн өмнөөс хэрэгжүүлж байсан монгол хонины аж ахуйг сэргээх санал тавилаа.

Парламент хоорондын харилцааг өргөжүүлэх талаар Лаосын талтай санал нэгтэй байгаа, мөн өнгөрсөн онд айлчлахад нь Лаосын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзсанд нь баяртай байгаагаа УИХ-ын дарга уулзалт ярианы үеэр онцлоод Үндэсний Ассамблейн даргад хариу мэндчилгээ уламжлахыг хүсэв. Түүнчлэн Лаосын парламентын төлөөлөгчдийн тавьсан санал хүсэлтийг нааштайгаар шийдэх талаар Засгийн газар болон холбогдох яамны удирдлагуудад тодорхой чиглэл өгөхөө илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.