Бан Ги Мүн: Цаг агаарын өөрчлөлт бол НҮБ-ын асуудал биш бүх төрөлхтөний асуудал
Монгол Улсад айлчилж байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мүн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа.
-Эрхэмсэг ноён Бан Ги Мүн Таны оролцоотойгоор НҮБ болон Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэн хэлмээр байна. Өнөөдөр бидний уулзалтын гол сэдэв дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болж байгаа. Манай улсын хувьд ч энэ бол анхаарлаа хандуулах эн тэргүүний асуудал мөн. Өнөөдөр манай улсад байгаль хамгаалах, байгальтай зүй зохистой харьцах талаар хууль дүрэм, нэгдэж орсон олон улсын гэрээ конвенцууд цөөнгүй байдаг. Гэвч бид хэрэгжилтий нь хянаж, хүний үйл ажиллагаа байгальд сөргөөр нөлөөлж байгааг хазаарлан барихаас өөр аргагүйд хүрч байна. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Зүүн Өмнөд Азийн Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад НҮБ дэмжлэг үзүүлж байгаад бид талархаж байна. Бид мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2003 оноос эхлэн оролцож, даян дэлхийд энхтайвныг тогтоохыг дэмжиж байгаагаа бүх талаар харуулсаар ирлээ. Бидний өмнө Мянганы Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэх том ажил байгаа. Үүнд НҮБ-ын туслалцаа чухал, хэмээн Ерөнхийлөгч ярилаа.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Ерөнхийлөгчийг хариуцлагатай ажилд томилогдсонд нь баяр хүргээд, монголын тухай сэтгэгдлээр яриагаа эхэллээ. Таван Толгой дахь энхийг дэмжих үйл ажиллагааны төв болон, Хустайн нуруунд өнгөрөөсөн нэг өдөр гайхамшигтай сэтгэгдэл үлдээж, сэтгэл татлаа гэж тэрээр хэлсэн юм.
Тэрээр цааш нь, цаг агаарын өөрчлөлт бол НҮБ-ын асуудал биш, энэ бол хүн төрөлхтөний асуудал. Дэлхийн бүх лидерүүд явуулж байгаа бодлогоороо төдийгүй сэтгэл зүрхээрээ байгаль орчны төлөө байхыг би уриалж байна. Хөгжингүй болон хөгжиж байгаа орнууд бүгд нэг санаатай байж хүний үйл ажиллагаа цаг уурт сөргөөр нөлөөлөхийн эсрэг арга хэмжээ авах цаг болсон гээд ирэх 9-р сард болох НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр удирдагчид, цаг уурын өөрчлөлтийн талаар байр сууриа нэгтгэсэн чухал яриа хэлэлцээрүүдийг явуулах байх гэж найдаж байгаагаа илэрхийллээ.
Монгол Улс газар доорхи баялгаа ашиглах том төслүүдийг хэлэлцэж байгаа. Нөгөө талаар, бид байгальд ээлтэй байдлаар хэрхэн уул уурхайг ашиглаж чадах вэ гэдгээ дэлхийн өмнө харуулах гэж байна гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцоллоо. Хариуд нь ноён Бан Ги Мүн, танай орон олон үзүүлэлтээр НҮБ-ын гишүүн орнуудын өмнө сайн үлгэр жишээ үзүүлдэг гээд, жишээ болгож, бичиг үсэггүй байх явдлыг халсан, ядуурлыг бууруулж байгаа, эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд өндөр оролцоотой байгаа, энхийг сахиулах ажиллагаанд 9 удаа оролцсон зэргийг дурдлаа. Энэ бүхэн нь Мянганы Хөгжлийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэхэд чухал үзүүлэлтүүд болох юм.
Мөн энэ уулзалтын үеэр Монгол улс НҮБ-д гишүүнээр элссэний 50 жилийн ой болон далайд гарцгүй орнуудыг дэмжих НҮБ-ын бодлогын асуудал, энэ жил тохиох ардчиллын 20 жилийн ой зэрэг асуудлуудаар санал солилцлоо. Уулзалт нөхөрсөг илэн далангүй болж өнгөрлөө.