Г.Шийлэгдамба: МАХН Засгийн газраас гарах эсэхийг ирэх долоо хоногт шийднэ
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2012.12.14

Г.Шийлэгдамба: МАХН Засгийн газраас гарах эсэхийг ирэх долоо хоногт шийднэ

Гурван шатны шүүхээс ял сонсоод буй МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн хэмээн МАХН-ынхан үздэг. Тиймдээ ч хоригдоод долоон сар болж байхад ямар нэгэн арга хэмжээ аваагүй хэмээн МАХН-аас Засгийн газарт байгаа гишүүд хамтарсан Засгийн газраас гарахаа мэдэгдсэн юм.

Харин Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар Н.Энхбаярын дөрвөн жилийн хорих ялыг 2.6 жил болгон бууруулсан. Тиймээс өмгөөлөгчид нь Улсын дээд шүүхийн Шүүхийн ерөнхий зөвлөлд гомдол гаргасан билээ. Уг хуралдааны шийдвэр хэрхэн гарахаас хамаарч, МАХН-ыхан Засгийн газраас гарах эсэхээ шийднэ хэмээн УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан мэдэгдсэн. Мөн уг яриа намжаагүй байтал МАХН-ыг МАН-тай нэгдэж бүлэг байгуулах гэж байгаа талаар мэдээлэл цацагдсан. Тиймээс энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас тодрууллаа.

-МАХН Засгийн газраас гарах асуудал юу болов?

-МАХН Засгийн газарт дангаараа ороогүй. МҮАН-тай нийлэн “Шударга ёс” эвслийг байгуулж, Засгийн газарт орсон. Тэгэхээр Засгийн газраас гарах эсэхийг зөвхөн нэг нам шийдэхгүй. Эвслийн удирдах зөвлөл шийднэ. Тиймээс удирдах зөвлөлийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэж, шийдэх байх.

-Эвслийн удирдах зөвлөл хэзээ хуралдах вэ?

-Эвслийн удирдах зөвлөл шуурхай хуралдаач ээ гэх асуудлыг намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд удирдах зөвлөлийн дарга Н.Батцэрэгт тавьсан. Мөн холбогдох албан бичгийг хүргүүлсэн.

-Хариу өгсөн үү?

-Ирэх долоо хоногтоо багтаж, хуралдаад МАХН Засгийн газраас гарах асуудлыг хэлэлцэхээр болсон. Түүнээс эцсийн шийдвэр гарна.

-МАН-тай нэгдэж бүлэг байгуулна гэх яриа гараад байна. МАН-аас саналаа хүргүүлсэн үү?

-“Шударга ёс” эвслийн бүлэгт өөр нам, бие даагч нараас орж ажиллах бололцоо бол нээлттэй. Зарим гишүүд энэ талаар бололцоотой тухайгаа хэвлэлээр дамжуулж мэдэгдсэн байсан. Гэхдээ албан ёсоор эвслийн бүлэгт орох тухай асуудал яригдаагүй гэж ойлгож болно. Зарим нэгэн улс төрчдийн ярьж байгаагаар оромгүй юм ярьж байна лээ. Жишээ нь, Ц.Нямдорж бол МАН-ын гишүүн. Гэхдээ энэ хүний ярилцлагыг би хувийнх нь байр суурь гэж ойлгож байгаа. Тэр байдлаас харахад арай өөр утгатай зүйл ярьсан байна лээ. Ер нь гишүүд дотроо янз бүрийн л бодолтой байгаа юм. Эвсэлд ороод ажиллаж болно гэсэн байр суурьтай гишүүд байхад, тэгэх шаардлагагүй гэсэн гишүүн ч байна.

-Н.Энхбаярын биеийн байдал хэр байгаа вэ. Ингээд эмнэлэгт хэвтээд байх юм уу?

-Эмнэлэгт хэр удаан хэвтэх нь эрүүл мэндийн байдлаас нь шалтгаалах байх. Биеийн байдал нь хэр байгаа талаар өнөөдөр эмчлэгч эмч нар нь мэдээлэл хийнэ.