2012.12.19

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа мөрдөх юм бол айлтгүй

Азийн хөгжлийн банкны монгол дахь суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Л.Амартай манай улсын эдийн засгийн өнөөгийн байдал болон тус банкнаас хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа.

-Азийн хөгжлийн банк өнөөд­рийг хүртэл манай улсад хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийв. Хөрөнгө оруулалтын үр дүн ямар байна вэ?

-Азийн хөгжлийн банкнаас сүүлийн 20 жилийн хугацаанд нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт Мон­гол Улсад хийсэн. Үүний дийлэнх нь хөнгөлөлттэй зээл байгаа. Манай улс өнгөрсөн оноос Азийн хөгжлийн банк­ны энгийн эх үүсвэрээс санхүүжилт авах эрхтэй болсон. Харин өнгөрсөн оныг хүртэл авч байсан зээлүүд нь хөнгөлөлттэй зээл буюу жилийн нэг хувийн хүүтэй байсан.

-Тэгвэл ойрын хугацаанд ямар төс­лүүд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна вэ?

-Энгийн эх үүсвэрээс санхүүжилт авах болсноос хойш томоохон  төслийг илүү урт хугацаанд хэрэгжүүлэх бо­ломж нэмэгдэж байгаа. Ойрын үед хот байгуулалт, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах томоохон төсөл хэрэгжүүлнэ.  Мөн  нийтийн тээврийн үйл ажиллагааг сайжруулах орчин үеийн дэвшилтэт технологид нийцсэн ажил хий­хээр  төлөвлөөд байна. Голлох  дөрвөн салбарт  илүү анхаарал хандуулна. Энд, дэд бүтцээс эрчим хүч, хот байгуулалт эрүүл мэнд боловсрол ,зам тээврийн салбар орох юм.

-Эдийн засагч хүний нүдээр “Чингис хаан” бодыг та хэрхэн харж байна вэ?

-“Чингис хаан” бонд нь нэг талаар  гадны хөрөнгө оруулагчид манай улсын эдийн засгийг өөдрөг байна гэж харж байгаа. Нөгөө талаар манай улс сүүлийн 20-иод жилийн дотор чөлөөт эдийн засаг ардчилсан тогтолцоо нэвтрүүлэхээр ажиллаж ирсний үр шим гарлаа  гэж ойлгож байна. 

таван жилийн  бонд 4,1  хувийн хүүтэй байна гэдэг харьцангуй бага хүү.

Өндөр түвшний эдийн засагтай орнуудын хөрөнгө оруулалтын хүүгийн төвшинтэй дөхүү ийм бага хүүгээр гарч ирж байгаа. Тэгэхээр энэ нь сайшаалтай юм.

-Бондын талаар цаашдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Өнөөдөр ийм хэмжээний хөрөнгө босгочихлоо харин  цаашдаа яаж ашиг­лах юм, юунд зарцуулах уу, хэнд ямар төс­лүүдэд хөрөнгө оруулах уу  гэдэг нь хам­гийн чухал. Ер нь бол өөрийнхөө бий болгож байгаа орлогоор буцааж тэр зээлийнхээ хүү, үндсэн төлбөрийг нөхөх боломжтой цөөхөн төслүүдийг санхүүжүүлэх юм бол үр дүнд хүрнэ. Төслүүдийн хувьд  олон улсын төвшинд боловсруулсан ТЭЗ-ийн үндэслэлтэй, орлого олох нь найдвартай,  байгаль орчин, нийт хүн амд нөлөөлөх нөлөөлөл зэргийг тооцсон төсөлд хөрөнгө оруулалтаа чиглүүлэх нь зүйтэй.

-Бонд гэхээр жирийн иргэн ойлгохгүй байна л даа . Манай улс өрөнд ороод байна уу эсвэл хөгжих гээд байна уу хэмээн толгойгоо гашилгаж сууна. Яг  бонд гаргаж байгаа нь манай улсад ямар ашигтай юм бол оо?

-Энэ бол өр. Гэхдээ  улс орны хувьд тодорхой өөрийнхөө хэмжээнд өр байхад эдийн засгийг дэмжиж өгдөг. Хязгаарлалтуудаа биелүүлээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа мөрдөх юм бол айлтгүй. Уг хуульд өрийн өнөөгийн хэмжээ  2013 онд ДНБ-ий 50 хувиас  доош байх ёстой түүнээс цааш  40 хувиас байна гэж заасан. Энэ хязгаарлалтуудаа биелүүлээд явж байхад өрнөөс айлтгүй гэж бодож байна. Харин нийгмийн халамж ч юм уу үр ашиггүй зүйлд  зарцуулах юм бол хойч үедээ дарамт болоод явчихна. Эдийн засгийг дэмжиж өгөх гол салбарууддаа л хөрөнгө оруулалт хийх  хэрэгтэй.   

-БНХАУ-ын эдийн засаг удаашралтай байгаа. Энэ ма­найд хэрхэн тусч байна вэ?

-Манай улсын эдийн засаг  нөөц баялагийн экспортод тул­гуур­лаж байгаа учир үнийн хэлбэлзэл нь шууд нөлөөлж байгаа. Тухайлбал, БНХАУ-ын үнийн байдал  шууд нөлөөлж байна. Гэхдээ одоо БНХАУ-ын эдийн засгийг дэмжихээр төрөөс нь тодорхой арга хэмжээнүүд авч эхэлсэн. Ингэхдээ дэд бүтцийн салбарт нэлээд хөрөнгө оруулж байгаа. Энэ нь манай эдийн засгийн голлох экспортод гардаг бүтээгдэхүүний үнийг харьцангуй тогтвортой байх нөхцөл бүрдүүлж байгаа.   Ямар ч байсан Хятадын эдийн засаг харьцангуй удааширч ирснээ одоо сэргэх байдал ажиглагдсан. Гэхдээ манай улс  эдийн засгаа хамгаалахад тодорхой хэмжээний мөнгө хуримтлуулах, эдийн засаг хэлбэлзэж байгаа үед төсвийн сан бүрдүүлэх, нөөц баялагаа ирээдүй хойч үедээ үлдээх бодлого барих хэрэгтэй.

-Дэлхийн эдийн засгийн догол­долтой энэ байдал хэзээ болтол үргэжлэх төлөв байна вэ?

-Дэлхийн эдийн засгийг хэдий болтол энэ байдлаараа явах бол гэдэг дээр одоогоор хариулт өгөх хүнд байна. Гэхдээ эерэг тодорхой тоонууд харагдаж байна. Тухайлбал,  АНУ-ын эдийн засагт, БНХАУ-ын эдийн засаг удааширч байснаа оны эцэст сэргэх байдал харагдлаа.

-Өнгөрсөн оны хувьд манай улсын эдийн засаг  20 хүртэлх  хувийн  өсөлттэй байсан. Харин үүний үр дүнд инфляц, ажилгүйдэл нэмэгдэх шинж ажиглагдсан. Ер нь манай улс эдийн засгийн өсөлтийг бүх нийтийн хүртээмж болгохын тулд яах ёстой юм бол оо?

-Эдийн засгийн өсөлт хүртээмжтэй байлгахад гол хэрэгжүүлж байгаа арга бол төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруу­лалтыг нийтийг хамарсан халамжийн бод­логоосоо илүүтэй  эрүүл мэнд, бо­ловсролын салбар, дэд бүтцийн салбарт оруулах нь зүйтэй. Нийтээр үр шимийг нь хүртдэг салбаруудад хөрөнгө оруулалтаа чиглүүлэх шаардлагатай. Богино хугацааны голланд өвчнөөс сэргийлэх нь хамгийн гол арга хэрэгсэл. Үүн дотроо инфляцыг хязгаарлах. Инфляц нийгмийн эмзэг хэсэгт хамгийн их нөлөөлж дарамт учруулдаг. Амьжиргааны багц хэрэглээний саг­сын ихэнх хувийг нь хүнс эзэлдэг айл өр­хийн хувьд хэцүүхэн нөхцөл байдалд хүргэх эрсдэл байдаг тул инфляцыг хяз­гаарлахад төсвийн бодлогоор дэмжих шаардлагатай. Төсвийн бод­ло­гыг мөнгөний бодлоготой уялдуулж төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа мөрдөх хэрэг­тэй.  Манай улсын Төсвийн тогтвортой байдлын тухай хууль ирэх оноос хэрэгжиж эхлэх юм.