Европын холбоо ирэх долоон жилийн төсвөө баталж чадсангүй
Европын холбооны гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт тодорхой үр дүнд хүрсэнгүй өндөрлөлөө. Энэ удаагийн ээлжит уулзалтаар 2014 оноос 2020 он хүртэлх Европын холбооны урт хугацааны төсвийн төслийг хэлэлцэн батлах ёстой байсан ч Герман, Их Британи зэрэг гишүүн хэд хэдэн орон зардал хэмнэх төслийг зөвшөөрөөгүйн улмаас уулзалт үр дүнд хүрэлгүй өндөрлөсөн байна. Европын хэрэг эрхлэх комисс ирэх долоо хоногт гишүүн орнуудын байр суурийг үргэлжлүүлэн авч, 27 гишүүн орныг урт хугацааны төсөв дээр нэгдсэн ойлголттой болгоно гэжээ.
Херман Ван Ромпи чуулга уулзалт үр дүнгүй өндөрлөсөн шалтгааныг тодруулахдаа, "Зарим улс орон нь төсвөө улам танахыг хичээж байхад, зарим нь харин зөвшөөрөхгүй байна. Иймээс бид дараагийн хэлэлцүүлгээр төсвийн төсөлд дахин нэмэлт өөрчлөлт хийнэ. Харин урт хугацааны уг төсөл дээр гишүүн орнууд санал нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ. Түүний тооцоолсноор, гишүүн орнууд 2013 оны эхээр дээрх төсөлд санал нэгдэх төлөвтэй байгаа юм байна.
Европын комиссын тэргүүн Жозе Мануэль Барросо энэ талаар "Европын холбооны түүхэнд бид анх удаа төсвөө нэмэх бус танах талаар хэлэлцэж байгаа юм. Тиймээс зарим орон энэ тал дээр тийм ч амар буулт хийсэнгүй.
Удахгүй Европын холбоонд Хорват улс гишүүнээр элсч.Европын холбоо 28 орны гишүүнтэй болж өргөжинө.
Тиймээс хэмжээгээ багасгасан ч хөгжиж, ажил эрхлэлтийн хэвийн төвшинд барьж байх маш өндөр хариуцлагатай тулгарч байна" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Зардлын хэмжээ буурсан Европын комиссын санал болгосон төсөвт хөдөө аж ахуйн салбарын зардлыг өсгөж, Европын холбоон гишүүн Зүүн Европын бага орлоготой орнуудад үзүүлэх тусламжийн хэмжээг өсгөсөн байгаа юм. Энэ нь Өмнөд Европын Франц, Польш зэрэг орны ашиг сонирхолд зарим талаар нийцэж байгаа ч энэ улсын удирдагчид сэтгэл дундуур хэвээр байгаа юм.
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон холбооны зардлыг өсгөхийг эрс эсэргүүцэж байгаа юм. Тус чуулган дээр ирэх долоон жилийн төсвийн зардлыг 973 тэрбум хэмээн хэлэлцэж байгаа бөгөөд энэ зардал нь одоогийнхоос хоёр хувиар бага үзүүлэлт юм. Тэрээр 900 тэрбум евро болтол танах ёстой хэмээн үзэж байгаа юм. Харин түүнийг Германы Канцлер Ангела Меркель дэмжиж байгаагаа илэрхийлээд хамгийн ихдээ 960 тэрбум евро болгох ёстой гэжээ.