Засгийн газар Хилийн боомтын тухай хуулийн төслийг дэмжив
Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Манай улсын ОХУ-тай хиллэдэг хэсэгт 29, БНХАУ-тай хиллэдэг хэсэгт 13, агаарын замын 4, нийт 46 боомт ажиллахаар олон улсын гэрээ болон Засгийн газрын тогтоолд заасан байдаг. Үүнээс 14 нь олон улсын, 11 нь хоёр талын байнгын, 14 нь хоёр талын түр буюу улирлын ажиллагаатай, 7 нь дамжин өнгөрөх боомт бөгөөд эдгээрийн 39 нь автозамын, 3 нь төмөр замын, 4 нь агаарын замын боомт юм.
Сүүлийн 5 жилд хилийн боомтуудаар 17 сая зорчигч, 6,5 сая тээврийн хэрэгсэл нэвтэрсэн нь өмнөх 5 жилтэй харьцуулахад 2 дахин өссөн дүн юм.
Манай улсын гадаад харилцаа ихээхэн хөгжиж буйг дагаад хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн цаашид улам нэмэгдэнэ.
Хилийн боомт нь бизнес эрхлэгчдийн төдий бус эдийн засгийн өсөлт, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнд нөлөөлдөг эдийн засгийн амин чухал судас тул цаашид гадаад худалдааг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй ажиллах шаардлагатай байна. Одоогоор хилийн боомтын талаар тухайлсан хуульгүй байхгүй, хилийн боомттой холбоотой харилцааг ОХУ, БНХАУ-ын Засгийн газартай байгуулсан хэлэлцээр, Хилийн тухай хууль, УИХ, Засгийн газрын тогтоолоор зохицуулдаг.