2013.02.27

Хилийн боомтын тухай хуулийн төслийн ажлын хэсэг хуралдав

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 02/03 тоот хамтарсан тогтоолоор байгуулагдсан Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр үдээс өмнө хуралдав.

Ажлын хэсгийн хуралдааныг ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж удирдан явуулав. Хуралдаанд ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, дэд ажлын хэсгийн гишүүдийн бүрэлдэхүүнд орсон Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газар, Гадаад харилцааны яамны Хил, хилийн боомтын хэлтэс, Эдийн засгийн хөгжлийн яамны Чөлөөт бүсийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын ерөнхий газрын удирдах ажилтнууд, мөн Засгийн газрын Өмнөговь аймаг дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын алба, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны зарим мэргэжилтэн болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Ажлын хэсгийн хуралдаанд Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын Хил, хилийн боомтын хэлтсээс хилийн боомтод явуулж байгаа үндсэн үйл ажиллагаа, Хилийн боомтын тухай хуулийн төсөлд эдгээр газруудын чиг үүрэг хэрхэн тусгагдсан талаар танилцуулга хийв. Мөн Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ц.Уугангэрэл, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дэд дарга М.Мөнхбат, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Төгсбаяр, Өмнөговь аймаг дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын албаны Хилийн Гашуунсухай боомт хариуцсан мэргэжилтэн Ц.Батсүх, Эдийн засгийн хөгжлийн яамны Чөлөөт бүсийн хэлтсийн дарга Т.Чимэгсанаа нар Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулж, хуулийн төслийн талаар саналаа хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хилийн боомтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд ажлын хэсгийн хуралдаанд гаргасан саналуудаа ажлын хэсэгт ирүүлэх, хуулийн зөвлөх болон байнгын хороодын ажлын алба ирүүлсэн саналуудыг нэгтгэн ажлын хэсэгт орсон Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлэх үүрэг өглөө гэж байнгын хорооны ажлын албанаас мэдээлэв.