Боомт хэний мэдэлд очих вэ
УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гишүүдэд танилцуулав. Тэрээр, Монгол Улсын олон улсын гэрээ болон Засгийн газрын тогтоолд зааснаар манай улсын ОХУ-тай хиллэдэг хэсэгт 29, БНХАУ-тай хиллэдэг хэсэгт 13, агаарын замын 4, нийт 46 боомт ажиллахаас 14 нь олон улсын, 11 нь хоёр талын байнгын ажиллагаатай, 14 нь хоёр талын түр буюу улирлын ажиллагаатай, 7 нь дамжин өнгөрөх боомт байна.
Эдгээрийн 39 нь автозамын, 3 нь төмөр замын, 4 нь агаарын замын боомтууд байдаг. Мөн манай улсын гадаад харилцаа хөгжихийн хэрээр улсын хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн цаашид улам нэмэгдэх хандлагатай байгаа гэдгийг дурьдаад, гадаад худалдааг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох зорилтын хүрээнд хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, хилийн боомтод хийж буй хяналт шалгалтын ажлын үр нөлөөг дээшлүүлж, давхардлыг арилгах, дэд бүтцийг хөгжүүлэх, авто зам, төмөр замын дэд бүтцийг барьж байгуулах, хүчин чадлыг өргөтгөх ажлыг төрийн бодлого, хууль тогтоомжийн хүрээнд шуурхай зохион байгуулж, нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэйгээр ажиллах шаардлага тулгараад байгаа юм гэв.
Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан хилийн боомтыг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох зорилгоор Хилийн боомтын тухай хуулийн төслийг боловсруулснаа сайд танилцуулсан.
Хуулийн төслийн талаар гишүүдийн олонх батлах шаардлагатай, чухал хууль гэдэгтэй санал нэгдэж байсан ч төслийн зарим зүйл заалттай санал нийлэхгүй байгаа тухай хэлж, хууль санаачлагчаас зарим асуудлаар тодруулга авсан. Тухайлбал, хуулийн төсөлд Боомтын нэгдсэн захиргаа Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын удирдлагад ажиллана гэж тусгасантай зарим гишүүд санал нийлэхгүй байв.