МАН 14 хоногт нэг удаа засгийн газрын мэдээллийг сонсоно
МАН-ын зүгээс УИХ-ын үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой асуудлаар анхаарал хандуулжээ.
2013.01.22

МАН 14 хоногт нэг удаа засгийн газрын мэдээллийг сонсоно

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр мөн ээлжит хуралдаанаа хийж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. МАН-ын зүгээс УИХ-ын үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой асуудлаар анхаарал хандуулжээ. АН-ын зүгээс "ирцтэй уялдуулан бүлэгтэй хариуцлага тооцох хуулийн төслийг өргөн мэдүүлээд байгаа. Энэ нь дэлхийд байдаггүй сонин практик гэдгийг бүлгийн дарга Н.Энхболд дуулгалаа. Харин МАН-ын зүгээс ирц болон саналыг хурууны хээгээр өгч байх тухай хуулийн төслийг өргөн барьсан нь хамгийн түгээмэл ашиглагддаг, ойлгомжтой шийдэл болно гэж байна. Хуулийн төслүүдийг багцалж хэлэлцэх ёстой гэж үзвэл МАН-ын зүгээс хурууны хээгээр санал өгдөг байдлыг  хуульчлахын төлөө явна гэдгээ хэллээ. Үүнийг хүлээн авна гэдэгт итгэлтэй байгаагаа мөн мэдэгдсэн юм.

Зөвхөн бүлгийн гишүүдэд бус нээлттэй мэдээлэл учраас сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн оролцох боломжтой.

Газрын тухай багц хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганаар нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэж МАН үзэж байна. Түүнчлэн МАН-ын бүлгээс бас нэгэн шинэ зүйл санаачилж байгаа нь хоёр долоо хоногт нэг удаа Засгийн газрын мэдээллийг бүлэг дээр нээлттэй сонсч байх тухай аж.

Чухам хэн гэдэг сайд нь ямар чиглэлээр мэдээлэл өгөхөөр болсныг тухай бүрт нь мэдээлээд явахаар болж байгаа аж.