“Бүхнийг өөрчилнө гээд дураараа аашилж байна”
Монгол Ардын Намын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2013.01.15

“Бүхнийг өөрчилнө гээд дураараа аашилж байна”

Монгол Ардын Намын дарга, УИХ-ын гишүүн  Ө.Энхтүвшин МҮОНТ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцож, цаг үеийн сэдвээр ярилцсаныг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Сүүлийн хэд хоногийн дотор таны хэлсэн хэд хэдэн өгүүлбэр хүмүүсийн сонирхол татсан нийтлэлүүдийн гарчиг болоод байна. Тухайлбал, “Намын үзэл бодлоор илт ялгаварлаж байна. Ерөнхий сайд уулзахаас халгаж байгаа бололтой, орон нутагт өвөлжилт хүндэрч, удирдлагагүй аймгуудын ажил хүндэрлээ” гэх мэт үгийг онцолж болох юм?

-Сүүлийн үеийн нөхцөл байдал нэлээд амаргүй болж байна. Орон нутгийн сонгууль их орой боллоо. Өмнөх сонгуулийн жилүүдэд орон нутгийн сонгууль аравдугаар сарын эхээр болдог байсан бол энэ жил арваннэгдүгээр сарын 21-нд болсон. Дүн өвөл болсон  орон нутгийн сонгуулийн үр дүнг баталгаажуулах ажил он гарчихаад байхад хийгдэхгүй, бараг хаврын сартай золгох гэж  байна. Өвөлжилт  хүндэрч, зарим газар  шөнөдөө 40 хэмээс илүү хүйтэрч, зам даваа хаагдаж байна. Гэтэл одоо хүртэл аймаг, орон нутаг удирдлагатай болж чадахгүй байсаар байна.  Уг нь МАН есөн аймаг, Улаанбаатар хотын дөрвөн дүүрэгт ялсан. Ардчилсан намаас нэр дэвшсэн Засаг даргыг  Ерөнхий сайд маань гурван цагийн дотор шууд баталж байна. Бүр  материал нь хаана байна гэж араас нь  сураглаж байгаад л баталчихаж байна. Ардын нам ялалт байгуулсан хоёр аймгийн Засаг даргаас бусдыг нь одоо хүртэл батламжлаагүй байна. Бараг 50 хонолоо. Үүнээс болж аймаг, цаашлаад сумд удирдлагагүй байна. Багийн  удирдлага ч бас  байхгүй. Ингээд   төрийн ажил суларсан, хүлээзнэсэн, ард түмний сэтгэл санаа  үймсэн  байдал бий боллоо. Засгийн  Газар зөвхөн Улаанбаатар хот хавиараа бужигнаад л,  21 аймагт юу болоод байгаа, ард түмэн тэнд ер нь яаж амьдарч байгаад маш бага анхаарал тавьж байна. Хэтэрхий ингэж намчирхаж, улстөржиж байгаа нь төрийн ажлыг цааш явуулахад хүндрэл учруулж байна. Цаашид улам хүнд болно. Би Ерөнхий сайдтай олон удаа уулзсан. Нэг л юм хэлсэн. “Ялсан, ялсан газраа сонгуулийн дүнгээ баталгаажуулаад л явчихъя. Аль суманд Ардчилсан нам ялсан, тэнд ямар ч маргаан хийхгүйгээр шууд хүлээн зөвшөөр, хаана МАН ялсан, тэрийг нь хүлээн зөвшөөрчих. Ингээд л хамтраад ажиллая” гэсэн санал хэлсэн. Харамсалтай нь одоо хүртэл ажил хэрэг болж чадахгүй байна. 

-Зарим аймаг  хоёр Засаг даргатай болж, тамгаа барьж ийш тийшээ гүйсэн, хаалга үүдээ эвдсэн гэлцэх юм. Үнэхээр тийм байдал үүсээд байгаа хэрэг үү?

-Багануур дүүрэгт тийм юм болсон. Дөрвөн дүүрэгт МАН ялсан боловч зөвхөн Чингэлтэй дүүргийн Засаг даргыг баталгаажуулсан. Сонгинохайрханд илт ялсан, тэгтэл Засаг даргыг нь Ардчилсан намаас тавьчихлаа. Багахангай  Засаг даргагүй, Багануур, Налайх  хоёр даргатай болчихсон. Тамга, тэмдгээ авна гээд хаалга үүдээ эвдэцгээж байна. Ер нь энэ бол урьд өмнө хэзээ ч гарч байгаагүй зүйл. Ардчилал, ардчилал гээд яриад байсан чинь бүр сүүлдээ анархизм, эмх замбараагүй, хүч түрсэн ийм л  байдал газар аваад байна гэж ард түмэн ч гэсэн   ярьж байна. Э.Бат-Үүл даргыг Улаанбаатар хотод нэлээд юм хийх нь гээд дэмжих тийшээ  байсан, гэтэл яг орон нутгийн сонгуулийн дүнг баталгаажуулах ажилд бас л туйлширч, намчирхаж байна.  Ерөнхий сайд нь тэгж үзэж байгаа учраас нэг л командаар явж байгаа байх.   Ард түмний сонголтыг хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэдэг бол ардчилал биш.  Ард түмэн яаж шийдсэн, түүнийг л  хүлээн зөвшөөрөх ёстой. Ард түмний шийдвэрт захирагдах ёстой. Гэтэл “Ард түмэн юу юм бэ, тэд яаж шийдсэн нь хамаагүй. Сонгуулийн дүн ямар байх нь хамаагүй, бид өөрсдийнхөө хүнийг тавина” гэсэн байдлаар хандаад л Хөвсгөл, Дорнод аймагт Засаг даргын үүрэг гүйцэтгэгч тавьчихлаа. Ер нь Засаг даргын албанд үүрэг гүйцэтгэгч гэж байдаггүй. Харин орлогч гэж бий. Үндсэн хуульд дараагийн Засаг дарга томилогдтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гээд заачихсан байна. Гэтэл “үүрэг гүйцэтгэгч”  гэсэн нэрээр сонгуульд нэр дэвшээгүй, оролцоогүй хаа хамаагүй хүнийг Улаанбаатараас Хөвсгөл аймагт аваачаад тавьж байна. 

-Та УИХ-д дөрөв дэх удаагаа сонгогдсон. Одоо өрнөж байгаа үйл явдлаас үзэхэд хуульд л учир жанцан байгаа юм биш үү?

-Орон нутгийн сонгуулийн хууль учир дутагдалтай болсон.   Ардын нам УИХ-д бүлэггүй, байнгын хороонд орж чадахгүй байх үед Ардчилсан намын нөхдүүд төсөл оруулж ирээд л хүч түрэн баталсан хууль л даа. Энэ хуульд ард түмний сонголтыг үл ойшоосон заалтууд орсон. Ард түмний сонголт ердөө хамаагүй, өмнөөс нь шүүх шийдчихдэг. Шүүх ямар шийдвэр гаргана, тэр нь нөгөө сонголтын дээр нь гарчихдаг.

Одоо хэд хэдэн сум, аймагт    МАН арай илүү суудал авчих юм бол хоёр, гурван хүнийг нь шүүхэд өгчихөж байна. Тэгэхээр шүүх нь тэр дагуу нөгөө талд шийдвэр гаргаж байна.

Бүр инээдтэй үндэслэлээр шийдвэр гаргаж байна.  Манай намын нэг нөхрийн  сонгуулийн үед тараасан   материалд    Чойжамц хамбатай авахуулсан зураг байжээ. Гэтэл  түүнийг нь  шашны сурталчилгаа явуулсан   гээд нөгөө төлөөлөгчийг ИТХ-аас татчихаж байна.  Шүүгч шийдвэр гаргаад л ард түмний сонголтыг өөрчилдөг хууль бус байдлыг өөрчлөхгүй бол үнэхээр болохоо байлаа.

-Улстөрийн намуудын хуулийг судлаачид, иргэний нийгмийнхэн судалж, хатуу гишүүнчлэл, босоо тогтолцооны тухай шүүмжилж байна. МАН-ыг ч  тийм намын нэг гэж  үздэг. Энэ талаархи Таны бодол?

-Одоогоор бэлэн болсон төсөл  байхгүй. УИХ-ын гишүүд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа. Ардчилсан намын зарим гишүүн улстөрийн намуудын тухай хуульд зарчмын өөрчлөлт оруулъя, хатуу  гишүүнчлэлгүй, татваргүй болгоё, нам өөрийн өмч, хөрөнгөгүй байх ёстой, хандивыг цэгцэлье гэх мэтээр ярьж байна.  Энэ бол төсөл орж ирсний дараа яригдах ёстой зүйл. Ер нь цаашдаа хандивыг цэгцлэхгүй бол намууд хэсэг бизнесмэнүүдээс ч юм уу, компаниудаас хараат болчих явдал бий. Харин бүхэлд нь улстөрийн намыг сулруулаад явна гэдэг нь Үндсэн хуультай зөрчилдөөд эхэлж байгаа юм. Үндсэн хуульд төрийг байгуулахад заавал улстөрийн намуудаар дамжуулна, улстөрийн намууд сонгуульд нэрээ дэвшүүлж, Ерөнхийлөгчийн сонгууль ч юм уу орон нутгийн сонгуульд оролцоно гэсэн заалттай.  

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа л энэ асуудлыг ярих ёстой гэсэн үг үү?

-Тийм ээ, тэгэх ёстой. Зөвхөн  улстөрийн намын тухай бус  орон нутгийн засаг захиргаа, түүний удирдлагатай холбоотой асуудлаар хуулийн төсөл ярихлаар дандаа л Үндсэн хуулийн заалтуудтай зөрчилддөг.    Үндсэн хуулийг өөрчлөх талаар ажлын хэсэг байгуулж, хамгийн гол нь ард иргэдээсээ санал авч, эрдэмтэн судлаачдыг оролцуулаад дорвитой өөрчлөлтүүд хийх цаг нь болсон. Үндсэн хууль батлагдаад 21 жил болж байна. Юм их өөрчлөгдөж, шинэчлэгдэж байна. Тэр үед харж байсан хүрээ, төсөөлж байсан асуудлууд хөгжиж байна. Тиймээс зайлшгүй зохицуулалт шаардлагатай.

-Засгийн газрын гадаад зах, зэлэээс босгосон бондын асуудал багагүй анхаарал татаж байна.  Бид өдөрт 273 сая төгрөгийн хүү төлөөд байна гэсэн мэдэгдлийг МАН хийсэн...?

-Бонд гэдэг бол өрийн бичиг гэсэн үг. Бондыг босгоод ирж байгаа нь сайн хэрэг. Өмнөх Засгийн газар 580 сая ам.доллар босгосон. Сая 1.5 сая ам.долларын бонд босголоо. Үүнийг буруутгах аргагүй. Хамгийн гол нь нэгдүгээрт, зөв цаг үедээ босгосон уу, үгүй юу. Гэтэл манай улс оны төгсгөлд бүх бүтээн байгуулалт дуусч байгаа үед бонд босголоо,  хүү нь яваад л байдаг. Хоёрдугаарт, бондын мөнгөөр санхүүжүүлэх бэлэн төслүүд алга байна.    Зүй зохистой зарцуулж чадахгүй бол Монгол Улсыг өрөнд оруулна.  Үүний хариуцлагыг хэн хүлээх юм. УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ Засгийн газар олон улсын зах зээлээс босгосон 1.5 тэрбум ам.долларын бондоос ямар ч хохирол амсахгүй гэж ярьсан. Тэрийгээ Монголбанкинд гэрээ хийгээд өгчихсөн гэж байгаа. Бид тодруулахын тулд Монголбанкны ерөнхийлөгчийг дуудаж асуусан. Гэтэл гэрээ хийгээгүй, санал тавьсан, одоогоор ярьж байгаа гэсэн. Монголбанкинд менежментээ хариуцуулъя гэсэн юм ярьсан юм билээ. Монголбанкинд өгчихөөр ямар нэгэн өр, хүүгийн дарамт байхгүй гэж үзэж байгаа юм билээ. Тэр бол буруу. Монголбанк байна уу, арилжааны банк уу, Засгийн газар төлнө үү. Энэ бол Монгол Улсын халааснаас гарч байгаа мөнгө юм. 

-Сонгууль болгоны дараа төрийн албан хаагчдыг хоморголон халж байна гэсэн яриа байнга л гардаг. Энэ удаагийнх ч бас шинэ биш. Та гаргалгааг нь яаж гаргаж ирээд байна вэ?

-Яг ч сонгууль болгоны дараа биш юм. 1996 оны сонгуулийн дараа ийм яриа нэлээд гарсан. Тухайн үед 15 мянган төрийн албан хаагчийг халлаа гэсэн тоо яригдаж байсан. 2000 оны сонгуулийн дараа Ардчилсан намынхан мөн тийм зүйл ярьж байсан. Хамтраад Засгийн газар байгуулсан учраас 2004 оноос хойш ийм яриа харьцангуй зогссон. Харин энэ жил “90 жилийн хогийг цэвэрлэнэ, хорооны даргыг хогтой нь хамт цэвэрлэнэ”  гэсэн уриа лоозонг  Ардчилсан намаас гаргасан.  Төрийн албан хаагчдыг ингэж хоморголон халах нь нэг талаар  төрийн чадавхийг  сулруулж байна. Нөгөө талаар хүний нөөц,  баялгаа алдаж байна гэсэн үг. 

-Эрх баригч улстөрийн хүчин л Төрийн албаны зөвлөлийг залуурддаг юм биш үү?

-Төрийн албаны зөвлөл бол сонгон шалгаруулалт хийдэг болохоос  халах, халагдах асуудалд оролцоо багатай шүү дээ. Харин өнөөдөр  эрх барьж байгаа   Ардчилсан нам “Бидэнд хууль ерөөсөө  хамаагүй. Шинэчлэл хийх гээд байхад дуугүй бай” гэсэн юм ярьж байгаа.  Шинэчлэлийн Засгийн газар бүхнийг өөрчилнө гээд хуульгүй  юм шиг аашилж  байна. 

-МАН сүүдрийн Засгийн газар байгуулах тухай ярьж байгаад чимээгүй болчихлоо. Энэ санаагаа орхичихсон хэрэг үү?

-Орхиогүй.  Нэгдүгээрт, нэрийн хувьд сүүдрийн Засгийн газар гэж нэрлэх үү, хяналтын танхим гэх үү гэж ярилцаж байна.  Хоёрдугаарт, аль хэлбэр нь зүйтэй юм бэ гэдэгт   томоохон ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Бусад улсын жишгийг харъя.  

-МАН хэдхэн сарын өмнө л эрх баригч улстөрийн хүчин байсан.   Гэтэл өнөөдөр яагаад УИХ-д 25 суудалтай, сөрөг хүчин  болов. Та бүхэн ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-Бид зургадугаар сараас хойш энэ тухай ярилцаж байгаа. Алдаа байсан учраас УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд  амжилтгүй оролцлоо.  Манай нам, намыг удирдаж байсан хүмүүс, биднээс болж алдаа гарлаа гэж миний зүгээс дүгнэж байгаа. Сонгуулийн сурталчилгаанаас авахуулаад нэр дэвшүүлсэн хүнээ зөв сонгоогүй, өрсөлдөгчөө дутуу үнэлснээс алдаа гарсан.

-Нам солих нь  танай намд жирийн үзэгдэл болох нь гэмээр үйл явдал болох юм.   Үүнд Та ямар хариулт хэлэх вэ?

-Сонгуулийн өмнө намаас гарах, орох асуудал бол  тусдаа зүйл. Харин намын нэрээр сонгуульд орж өрсөлдөн УИХ-ын гишүүн болчихоод    нам солих нь зарчимгүй асуудал. Мөрийн хөтөлбөрөө биелүүлнэ гэж амлалт өгч батламжаа гардчихаад нэг л өдөр хаалга саваад гарч болохгүй. Нам нэг, хоёр хүнээр дутдаггүй юм. Гэхдээ үүнээс болоод ард түмний, сонгогчдын эрх ашиг өөр болоод явчихаж байгаа юм. Тиймээс цаашид ийм зүйлийг хааж цэгцлэх ёстой.