Ж.Эрдэнэбат: АН бидний саналыг хүлээж аваагүй учир эсэргүүцсэн
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2013.01.09

Ж.Эрдэнэбат: АН бидний саналыг хүлээж аваагүй учир эсэргүүцсэн

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ дахь Ардын намын бүлэг чуулганы нэгдсэн хуралдаанаас албан ёсоор завсарлага аваагүй атлаа хуралдаанд оролцоогүй нь “УИХ-ын ажлыг гацааж байна” гэсэн шүүмжлэлийг дагуулаад байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-УИХ дахь Ардын намын бүлгийн гишүүд Монгол Улсад хууль хэрэгжүүлэхийг л шаардаж байгаа. Тухайлбал, УИХ-ын хэн нэгэн гишүүн байхгүй гишүүнийхээ картыг ашиглаж, санал өгдөг асуудал хуулиар хориотой шүү дээ.Ардчилсан намынхан сүүлийн үед энэ үйлдлийг байнга хийх болсон. Тиймээс бид “Үүнийгээ болиоч ээ” гэдэг шаардлагыг тавьж байгаа юм. Нөгөөтэйгүүр, Ардчилсан намын­хан “Бид олонхи” гэд­гээрээ түрээ барьж, өнгөрсөн хугацаанд олон шийдвэрүүдийг өөрс-дийн талд гаргалаа.Одоо ч гэсэн тиймэрхүү үйлдэл гаргаад л явж байна.Ту­хайлбал, “Чингис” бондыг гар­гахдаа Ардын намынхны саналыг огтхон ч тоогоогүй шүү дээ.Хэрэв бидний санал, шүүмжлэлийг тодорхой хэм­жээнд хүлээж авсан бол Монгол Улс өнөөдөр ийм их хэм­жээний алдагдалд орохгүй байсан байх гэж бодож байна.Тиймээс Ардчилсан намынхныг иймэрхүү байдалдаа дүг­нэлт хийгээсэй гэж бодож байна.Өнөөдөр бид УИХ-ын чуулганы хуралдаанд Ардчилсан намынхныг хэрхэн хууль зөрчиж байгааг дуугүй харж суух гэж оролцдоггүй. Энэ нь ч бидний үүрэг биш.

-Үнэндээ бол байнгын хороонд харьяалагдах гишүүдийн тоон дээр маргаан гарсан учраас л дээрх асуудал үүссэн юм бишүү.Тухайлбал танай намынхан нэг байнгын хороонд зургаан гишүүнээ харьяалуулах гэхэд Ардчилсан намынхан эсэргүүцсэн.Үүнээс болж УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй шантааж хийж байна гэж сонссон юм байна?

-Ардчилсан намынхан ард иргэдэд дандаа буруу мэдээлэл өгч байгаа нь эндээс харагдаж байна. Манай нам нэг байнгын хороонд зургаан гишүүнээ оруулна гэсэн шаардлагыг огтхон ч тавиагүй. Харин УИХ дахь Ардын намын бүлгийн нэг гишүүнийг хоёр байнгын хорооны гишүүн болгож өгөөч гэсэн шаардлагыг л тавьсан юм. Тухайлбал миний бие Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн болох хүсэлт гаргасан байх жишээтэй. Би өнөөдөр Сэлэнгэ аймгийн иргэдийг төлөөлж УИХ-д сууж байгаа хүний хувьд хөдөө аж ахуйн чиглэл дээр хэлэх үг надад байна. Мэргэжлийн хүний хувьд Төсвийн байнгын хороонд байх ёстой гэж үзсэн юм.УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэг гишүүн гурван байнгын хорооны гишүүн байж болдог атлаа УИХ дахь Ардын намын бүлгийн нэг гишүүн нэг л байнгын хорооны гишүүн байх ёстой гэсэн шударга ёс байж болохгүй биз дээ.Тиймээс бид үүнийг эсэргүүцэж байгаа юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг байнгын хороодын гишүүдийн тоог цөөлсөн хууль баталсан нь өнөөдөр Ардын намын бүлгийн ихэнх гишүүн нэг байнгын хороонд харьяалагдаж, 5-6 гишүүн л хоёр байнгын хороонд харьяалагдах нөхцөлийг бий бол­гочихоод байгаа юм.

Тиймээс бид байнгын хороодын гишүүдийн тоог нэмэх санал гаргасан.

Өөрөөр хэл­бэл өнөөдөр 17 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа байнгын хороод өмнө нь 21 гишүүнтэй байсан бол өмнөх хувилбар руугаа шилжиж, асуудлыг өргөн хүрээнд хэлэлцдэг болох ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Үүнийг хүлээж авахгүй байгааг УИХ дахь Ардын намын бүлгийн гишүүд эсэргүүцэх нь зүй ёсны хэрэг биз дээ.

-Тэгэхээр УИХ-ын чуулганы хуралдаанд Ардын намын бүлэг оролцоогүй нэг шалтгаан нь үүнтэй холбоотой байх нь ээ?

-Холбоотой.

-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хэрэв ийм асуудал цаашид даамжирвал УИХ-ын Дэгийн тухай хуульд “Ийм тохиолдолд УИХ дахь намын бүлгүүдтэй хэрхэн хариуцлага тоо­цох вэ гэдэг заалт тусгах шаард­лагатай” гэж байсан. Энэ нь нэг талаар хариуцлага тооцох гэж улайрч байгаа мэт сонсогдож байгаа ч нөгөө талаар зөв шаардлага тавьж байгаа юм шиг санагдсан.Та үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-УИХ гэдэг бол байгууллага шүү дээ. Тиймээс энэ байгууллагад ажиллаж байгаа албан хаагчид бүгд хуулиа сахиж байх ёстой.Хуулийг дээд зэргээр дагаж мөрдөж, бусад байгууллагын албан хаагчид болон ард иргэддээ

УИХ-ын чуулганы хуралдаан

үлгэр жишээ үзүүлж байх хүмүүс нь энэ байгууллагад ажилладаг хүмүүс буюу УИХ-ын гишүүд. Тиймээс УИХ дахь Ардын намын бүлгийн тавьж байгаа шаардлага ч нэг талдаа зүй ёсных.УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын тавьж байгаа шаардлага ч нэг талдаа зөв, зүйтэй байж болно.Аль, аль талдаа л хариуцлагаа ухамсарлаж, хуулиа хэрэгжүүлэхийн тулд хатуу чанга ажиллах ёстой гэсэн байр суурийг хувь хүнийхээ хувьд баримталж байгаа.

"Ардчилсан намынхан олонхи болсон аймгуудын Засаг даргыг томилохдоо Ерөнхий сайд сураг нь гарав уу, үгүй юу томилоо биз дээ. Гэтэл Ардын намын ялалт байгуулсан газрын Засаг дарга нарыг томилох эсэх нь мэдэгдэхгүй л байна шүү дээ"

-УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг хийсэн гэдгийг мөрдөн байцаагч нотолбол бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ” гэсэн заалт орсон байсан. Гэсэн ч УИХ дахь Ардын нам болон Ардчилсан намын бүлгийн гишүүд энэ заалтыг хасахаар санал нэгдсэн. Үүнээс болоод нийтийн дунд “УИХ-ын гишүүд өөрсдийн эрх ашгийг хамгаалсан асуудал дээр санал нэгдчихээд улс орны эрх ашиг гэхээр хойш суугаад байна” гэсэн шүүмжлэл гарах болж. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-УИХ-ын гишүүн бусдаас онц­гойрсон эрх, дархтай байна гэдэг бол нэг талаас өрөөсгөл ойлголт. Нөгөө талаас УИХ гэдэг бол улс төрийн байгууллага.Тиймээс хуулийн бай­гууллагууд улс төрөөс хараат бус болчихсон тохиолдолд дээрх асуу-далд ямар ч өнцгөөс хандаж болно.Харин улс төрөөс хараат улс төрийн шийдлээр асуудалд хандаж байгаа тохиолдолд дээрх асуудалд тэгж хандаж болохгүй гэж үзэж байгаа юм. Үүнийг хэд, хэдэн өнцгөөс харах ёстой болж таараад байгаа юм. Болдог бол хууль хяналтын байгууллагуудын удирдлагыг ард иргэдээс сонгодог, сольдог байх ёстой. Түүнээс биш хэн нэгэн хүн сонгож, сольж л байвал улс төрөөс хараат болчихож байгаа байхгүй юу. Тухайлбал, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга Ерөнхий сайд ч бай улс төрийн шийдвэрээр л сонгож, томилж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл хувь хүний гаргасан шийдвэр ямар ч тохиолдолд улс төртэй хутгалдаж л таарна шүү дээ.

-Орон нутгийн хурлын сон­гуулий дүн гараад удаж байгаа ч зарим аймаг, дүүргийн Засаг дарга нарыг томилоогүй байгаад танай намынхан нэлээд бухимдалтай байгаа. Харин Ардчилсан намынхан танай намыг энэ асуудлыг улс төржүүлж байна гэсэн тайлбарыг өгч байгаа шүү дээ.

-Одоогийн байдлаар Засаг даргыг нь томилоогүй зургаан аймаг байна. Учир нь энэ зургаан аймагт Ардын нам олонхи болсонд байгаа.Тиймээс харин ч Ардчилсан намынхныг энэ асуудлыг улстөржүүлж байна гэж хэлэх нь зохих байх. Ардчилсан намынхан олонхи болсон аймгуудын Засаг

МАН-төв байр

даргыг томилохдоо Ерөнхий сайд сураг нь гарав уу, үгүй юу томилоо биз дээ. Гэтэл Ардын намын ялалт байгуулсан газрын Засаг дарга нарыг томилох эсэх нь мэдэгдэхгүй л байна шүү дээ. Энэ нь өөрөө энэ асуудал дээр улс төр орж байна гэдгийг хэлээд байгаа юм. Ардын нам бол ард түмнийхээ сонголтыг хүндэтгэдэг нам. Тиймээс ч бид Ардчилсан намынхан олонхи болсон аль ч аймаг дээр хэрүүл хийж яваагүй. Гэтэл яагаад төр засаг нь ард түмнийхээ сонголтыг хүндэтгэхгүй байгаа юм бэ.Үүнийг Ерөнхий сайдаас асуух хэрэгтэй.

-Ерөнхий сайдыг УИХ дахь Ардын намын бүлгийн хуралдаан дээр ирж мэдээлэл өгөхийг та бүхэн хүссэн. Харин хариуд нь Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдааны Засгийн газрын мэдээллийн цагаар та бүхний хүсээд байсан асуултад хариулт өгсөн гэж мэдэгдэж байгаа. Энэхүү тайлбарыг та бүхэн хэрхэн хүлээн авч байгаа вэ?

-УИХ дахь Ардын намын бүлэг УИХ-ын бүтцийн нэг байгууллага учир бүлгийнхээ хуралдаанд Ерөнхий сайдыг урьж, санал бодлоо солилцох эрхтэй. Тиймээс бид Ерөнхий сайдыг бүлгийнхээ хуралдаанд урьсан юм. Харамсалтай нь бидний урилгыг хүлээж аваагүй. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр бидний асуусан асуултад хариулт өгсөн гэж байгаа ч энэ нь хангалттай байгаагүй. Тэр үед Ерөнхий сайд бондтой холбоотой мэдээлэл өгөхдөө өмнө нь яригдаж байсан. Боловсруулах  шатанд явж байгаа хэдэн төслүүдийн нэрийг хэлснээс өөр олигтой мэдээлэл өгөөгүй. Бонд гаргаснаар Засгийн газар ямар ч алдагдалгүй байгаа гэж байсан. Гэтэл Монголбанктай гэрээ байгуулаагүй атлаа Засгийн газар яахаараа алдагдалгүй байдаг юм.

Асуудалд иймэрхүү байдлаар хандаж, ард иргэдийг басамжлан доромжилж байгаа мэт мэдээлэл хийж буй учир Ардын намынхан энэ асуудлыг тодорхой хэмжээгээр эсэргүүцэж байгаа юм.Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийхээсээ долоо хоногийн өмнө намын бүлгүүдэд мэдээллийнхээ талаарх товч мэдээллийг өгөх тухай асуудлыг УИХ-ын Дэгийн тухай хуульд тусгасан байдаг.Гэтэл Ерөнхий сайд үүнийгээ хэ-рэгжүүлээгүй. Тэгээд ч Ерөнхий сай­дыг УИХ-ын чуулганы хуралдаан дээр мэдээлэл хийж байх үед УИХ-ын гишүүн Дэгийн тухай хуулийн дагуу гурван минут л асуулт асуух эрхтэй, тодруулах эрхгүй байдаг. Тиймээс хүссэн хэмжээндээ мэдээлэл авах ямар ч бололцоо байдаггүй юм. Тиймээс бид бүлгийнхээ хурал дээр Ерөнхий сайдыг оруулж ирж байгаад хэвлэлийнхэнд нээлттэйгээр асуудалд хандахыг хүссэн юм.Үүнийгээ ч Ерөнхий сайдад уламжилсан.Хүлээж авахаас татгалсанд нь харамсаж байна.

-“Чингис” бондыг гаргаснаар орж ирсэн 1.5 тэрбум ам.долларыг хэрхэн зарцуулахад хяналт тавихаар танай намаас ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн  Ерөнхий сайдад шаардлага хүр­гүүлсэн гэсэн. Энэ талаар тод­руулахгүй юу?

-Засгийн газар нэгэнт бонд гаргаж, 1.5 тэрбум ам.долларыг босгосон учир УИХ дахь Ардын намын бүлэг зарцуулалт нь хэр явагдаж байгаа болон Засгийн газар ямар байдлаар алдагдлаасаа гарах гэж байгаа зэргийг л хянах гэж ажлын хэсэг байгуулсан юм. Түүнээс биш Засгийн газрын үйл ажиллагаанд чөдөр, тушаа болох гэсэндээ биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Бидний авсан мэдээллээр энэ мөнгөний хүүнд нэг өдөрт л 275.7 сая төгрөг төлж байгаа. Энэ нь нэг сард найман тэрбум төгрөг гэсэн үг. УИХ дахь Ардын намын бүлгийн хуралдаан дээр Монголбанкны удирдлагууд ирж мэдээлэл хийсэн. Ерөнхий сайд “Монголбанкинд бондтой холбоотой бүх асуудлыг шилжүүлсэн учир Засгийн газар ямар ч алдагдалгүй” гэж мэдэгдсэн.

Энэ бүхний учирыг Монголбанкны удирдлагуудаас лавлахад “1.5 тэрбум ам.доллараар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүртэлх хугацаанд мөнгөний менежментийг Монголбанк хариуцна” гэсэн утгатай гэрээг Засгийн газар Монголбанкны хооронд байгуулах гэж байгаа юм байна билээ.Гэхдээ одоогийн байдлаар гэрээг байгуулах шатанд явж байгаа учир Засгийн газар өдөр бүр дээрх хүүг төлж байна гэж ойлгож болно.Тэгэхээр Ерөнхий сайдын хэлээд байсан шиг Засгийн газар алдагдалгүй ажиллаж байгаа гэж манай намын бүлэг үзэхгүй байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.Танд амжилт хүсье.