Батсүмбэрийн асрамжийн газар "Ахмадын хотхон" болно
УИХ-ын гишүүн, Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2013.02.13

Батсүмбэрийн асрамжийн газар "Ахмадын хотхон" болно

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон яамны ТЗУГ-ын дарга Д.Золжаргал, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Мөнхзул болон бусад албаны хүмүүс сар шинийн баярын өмнө Батсүмбэр дэхь улсын асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцаж, ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүллээ. 

Тус асрамжийн газарт өнөөдрийн байдлаар 110 настан асруулж байгаа аж. Эдгээрээс хамгийн өндөр настай 100 хүрч байгаа буурай байгаа бол залуу нь 17 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий гэж байлаа. Өмнөх жилүүдийг бодвол асрах газрын хангамж, хүртээмж харьцангуй сайжирсан. Нийгмийн хамгааллын салбараас ахмадуудад чиглэсэн арга хэмжээг хангалттай түвшинд авч хэрэгжүүлж байгаа.

Саяхан Дархан-Уул аймагт ахмадын нийгмийн хамгааллын шинэчлэлийн бодлого, зорилтот бүлгүүдэд чиглэсэн улсын зөвлөгөөн болсон. Энэ зөвлөгөөнд асрамжийн газруудын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах, цаашид стандартыг хэрхэн хангах вэ гэдгийг хэлэлцсэн. Тиймээс стратеги төлөвлөгөөний дагуу асрамжийн газрыг төрөлжсөн үйлчилгээтэй болгох зорилго тавиад ажиллаж байна хэмээн улсын асрамжийн газрын дарга Д.Цэндсүрэн хэлж байлаа.

Батсүмбэр дэх улсын асрамжийн газар

Батсүмбэр дэх улсын асрамжийн газарт 30 гаруй сэтгэцийн өвчтэй иргэд байдаг. Эдгээр иргэдийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс тусгаарлах шаардлагатай байгаа. Түүнчлэн иргэдийн дийлэнх нь 2-3 суурь өвчтэй. Даралт ихэссэнээс болж харвалт өгч, удаан хугацаанд хөдөлгөөний дутагдалд орсон хүмүүс байдаг гэсэн бэрхшээлийг тус газрын дарга онцлон хэлж байлаа.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Батсүмбэр дэхь улсын асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцаж, ахмадуудтай уулзах үеэрээ удахгүй 100-150 хүний ортой өргөтгөлийн барилга шинээр барихаар зураг төсөл нь хийгдсэн гэсэн мэдээллийг өгсөн. Ахмадыг халамжлах гэхээс илүүтэйгээр тэдний боловсрол, эрүүл мэндэд анхаарах гээд маш олон асуудал байгаа.

Тэдний өмнө тулгамдаж байгаа бэрхшээлийг нэн тэргүүнд шийдвэрлэхийн тулд ойрын хугацаанд багтаж улсын асрамжийн газрын хүчин чадлыг нэмэгдүүлж, нэмж өргөтгөл барих, төрөлжсөн ахмадын нөхөн сэргээх төвийг барих гээд хэд хэдэн томоохон ажлыг төлөвлөсөн. Эдгээрийн зураг төслийн ажил бэлэн болсон. Хаврын чуулганаар УИХ-ийн төсвийн тодотголоор хөрөнгө мөнгийг нь шийдвэрлүүлэхээр ажиллаж байна хэмээн ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хэлсэн.

Мөн тэрээр хэрвээ энэ асуудал шийдэгдвэл хоёр жилийн хугацаанд Батсүмбэр дэх улсын асрамжийн газар ахмадын хотхон болж өргөжих боломжтой. Энд зөвхөн харж хандах хүнгүй ахмадууд ирэх бус өндөр настангууд өөрийн хүсэлтээр ирж байрладаг, үйлчилгээ асрамж халамж хүртдэг боломжийг бүрдүүлэх нь чухал. Гадны улс орнуудын жишигт үр хүүхдүүд нь асаргааны төлбөрийг төлөхөд хөгшид нь тав тухтай байрладаг төлбөртэй асрамжийн газрууд олон байдаг. Ийм орчин нөхцөлийг цаашид бий болгохоор зорьж , ажиллаж байгаа хэмээн ХАХНХ-ын сайд тодотгон хэлсэн.

Ер нь ахмадууд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмээс тусгаарласан бодлого баримтлах нь оновчтой арга биш. Аль болох нийгэмшүүлэх ёстой. Тэр ч утгаараа хөгжлийн хотхон гэж яриад байгаа нь эдгээр хүнийг нийгэмших орчинг бий болгох томоохон зорилгыг тээж байгаа. Хэрвээ хөгжлийн хотхонд нь бүх зүйл нь бэлэн байвал ахмадууд маань сэтгэл санааны хямралд орохгүй, нийгэмших орчин нөхцөл нь бүрдэх юм. Тэгэхээр олон цогц бодлого нэгдэж байж энэ асуудал цогцоороо шийдэгдэнэ. Үүний төлөө ажиллаж байна хэмээн ХАХНХ-ын сайд ахмадуудтай хийх уулзалтынхаа үеэр ярьсан юм.