Ахуйн үйлчилгээний салбарын хөгжлийн асуудлыг чухалчиллаа
Ахуйн үйлчилгээний салбар нь хөнгөн аж үйлдвэрийн тулгын чулууг тавилцаж, хүн амын хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, ахуйн соёлыг хөгжүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан манай улсын ууган салбарын нэг юм.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед хүн амын ахуйн үйлчилгээний салбар нь бодлого, зохицуулалтын арга хэмжээ тодорхойлдог салбарын яамны бүтэцтэй, улсын хэмжээнд ахуйн үйлчилгээний зориулалтын200 ажлын байртай, аймаг бүрт ахуйн үйлчилгээний комбинат 14, төрөлжсөн үйлдвэр 4, сум, суурин газарт ахуйн үйлчилгээний төв 181, нийтдээ 2100 гаруй цэг салбарт 31600 ажиллагсад ажиллаж байсан бол зах зээлийн харилцаанд шилжсэн үеэс төр, засаг ахуйн үйлчилгээний салбарыг орхигдуулсанаас өнөөг хүртэл нэгдсэн бодлого, зохицуулалтгүй, урсгалаараа явж, үндсэндээ албан бус хэвшлийн хэлбэрт ороод байна.
Үндэсний статистикийн газрын мэдээнээс үзэхэд өнөөгийн байдлаар салбарын хэмжээнд нийт 219 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 1200 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна гэсэн баримт байна. Хэрэг дээрээ бол ахуйн үйлчилгээний салбарт 60 гаруй мянган хүн ажиллаж,20 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлж, нийгэм, эдийн засагт тодорхой нөлөө үзүүлж байгаа юм. Үүнд: үсчин, гоо сайхан, оёдолчин, гутал засварчин, цаг, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засвар үйлчилгээ зэрэг ажлыг дурдаж болох байна. Эдгээр үйлчилгээ бидэнд бидэнд өдөр тутам шаардагдаж байдаг.
Монгол улсын засгийн газрын 2008 оны 288-р тогтоол, 2012-2016 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Ахуйн үйлчилгээний салбарын хөгжлийн асуудлыг чухалчлан авч үзсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор Ахуйн үйлчилгээний салбарын дэмжих хөтөлбөрийн үндэсний зөвлөл анхдугаар хуралдаанаа хийж, өнгөрсөн оны ажлын тайлан, ирэх онд хийх ажлын төлөвлөгөөгөө боловсруулж, санал солилцлоо. Үндэсний зөвлөлийг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг нар даргалж ҮХААЯ, БХБЯ, БОНХЯ, ХЗЯ, ТЕГ, ҮСХ, УБЕГ, МҮХТХ -ын төлөөлөл багтаж байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд ахуйн үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болон Сум хөгжүүлэх сангаас 490 гаруй сая төгрөгний дэмжлэг үзүүлсэн бөгөөд иргэдийн таатай амьдрах орчныг бүрдүүлэхэд нэн тэргүүний шаардлагатай ахуйн үйлчилгээний төвүүдийн тоог нэмэгдүүлэх, үйлчилгээг ойртуулах, нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт 3, гэр хороололд 11 төвийг байгуулсан байна.
Мөн Хөдөлмөрийн яамны ЖДҮХГ-аас монгол улсын 330 сум, 9 дүүргээс Ахуйн үйлчилгээний цогцолбор төв байгуулах ажлын хүрээнд улсын хэмжээнд шинээр байгуулах болон сэргээн засварлах боломжтой барилгын судалгаа авч, хөрөнгө оруулалтын саналаа зохих газарт хүргүүлээд байна. Үүнээс гадна ЖДҮ-ийн зориулалт бүхий зарим тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийгГаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх жагсаалтанд тус салбарын 22 тоног төхөөрөмжийг нэмэлтээр оруулсан байдаг.
Хуралдааны үеэр Ахуйн үйлчилгээний салбарт мөрдөгдөж буй стандартуудыг шинэчлэх, шинэ үйлчилгээний төрлүүд нэмэгдэж байгаатай холбоотойгоор шинэ үйлчилгээний стандарт боловсруулж батлуулах асуудал чухлаар тавигдаж байгааг оролцогчид санал нэгтэй хэлж байлаа. Учир нь бид байр сав, тоног төхөөрөмжийн стандарт тавьж мөрдөн үйлчилгээ эрхлэгчийн ёс зүйн стандартыг бий болгоогүйгээс улбаалан иргэдээс эл төрлийн гомдол санал тасарддаггүй. Тиймээс ийм төрлийн стандарт гаргаж, мөрдүүлж ажиллах нь энэ салбарын хөгжилтэй зайлшгүй холбоотой гэдгийг онцолж байсан юм.
Ямартай ч үндэсний зөвлөлийн гишүүдээс Ахуйн үйлчилгээний салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргаж тавих цаг болсныг онцлоод, цаашид мэргэжлийн холбоо болон хамтарч ажилладаг яам, агентлагуудтай нягт уялдаатай ажиллахыг чухалчиллаа.