Ж.Энхбаяр: Яг одоо Монгол Улс гүнзгий шаварт суучихсан “Хаазлаад” байна
“Аминчхан 10 асуулт” ярилцлагын цагийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг урьж оролцууллаа.
Тэрээр улс төрийн эргэн тойронд болж байгаа үйл явдал болоод Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар санал бодлоо солилцлоо.
- Энэ хугацаанд Засгийн газрыг огцруулах, дэд дарга асан С.Баярцогтын асуудлыг хэлэлцэх гээд улс төрийн үйл явц нэлээд тогтворгүй байлаа?
Улс төрийн үйл явц өрнөх ёсоороо өрнөж байна. Ардын нам сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэсээр байна. Сөрөг хүчин бол олон түмний хяналт гэсэн үг. Эрх баригчдад олон түмний өмнөөс хяналт тавьж, улс орны нийгэм, эдийн засаг гээд хуулийн бүх хэрэгжилтэн дээр хяналт тавих нь цөөнхийн үндсэн үүрэг. Үүнийгээ биелүүлж байгаа.
Тэгвэл цөөнх цаашид олон түмний хяналтаа чангаруулсаар байх нээ?
Монголчууд 20 жилийн турш зөв байх гэж хичээж байна. Гэтэл зөв байх, ардчилалын үнэт зүйлсийн цаана нуугдаж байгаа муу зүйл олон байна. Ардчилсан намын гишүүд гэхээрээ л шударга, хууль зөрчдөггүй гэсэн юм байхгүйг хаа хаанаа ойлгох хэрэгтэй.
Ялангуяа ардчилал гэдэг үнэт зүйлийг тээж байгаа намын хувьд хууль зөрчиж байгаа Ерөнхий сайд нь байна уу, Намын дарга нь байна уу, УИХ-ын дарга нь байна уу асуудал биш. Монголд хууль тэгш үйлчлэх ёстой. Иргэн хүн Ерөнхийлөгч хоёр адилхан эрх үүрэгтэй байдаг. Энэ бол ардчилалын амин сүнс.
Намын нэрийн ард муу муухайгаа нууж байдаг хачиг хувалз шиг шигдчихсэн хүмүүс байна шүү дээ.
Тэгэхээр хэн нэгэн эрх мэдэлтэнд зориулсан хууль байж болохгүй. Гэтэл ийм алдаа гараад байна. Түүнд бид хяналт тавьж олон түмэнд хүргэлгүй яахав. Улс төрийн намууд хаа хаанаа цэвэрших хэрэгтэй байна. Намын нэрийн ард муу муухайгаа нууж байдаг хачиг хувалз шиг шигдчихсэн хүмүүс байна шүү дээ. Эдгээрийг түүгээд хачиг хувалзнаасаа салчихвал Монгол Улсад хэрэгтэй.
Цэвэрлэгээ хэр амжилттай байна?
Явагдаж л байна. Цөөнх үүргээ сайн биелүүлвэл олонхи зөв ажиллана. Олонхи зарчимтай байх юм бол цөөнх тийм л байна. Улс төрийн тэнцвэр гэдэг чинь хоёр талаасаа энэ шүү дээ. Ардчилсан нийгмийн гол тэнцвэр парламент, улмаар парламент дахь олонхи цөөнхийн харьцаан дээр л ардчилалын үнэт зүйл тогтоод байгаа юм.
Тэгэхээр энэ өрсөлдөөн, энэ мэтгэлцээнээс нийгэм эрүүлжих, шударга ёс, тэгш эрх, нийгмийн баялагийн хуваарлалт гээд олон зүйл голдирлоороо явах ёстой. Сүүлийн 20 жилийн нийгмийн сонголт чинь ердөө л энэ зүйл дээр төвлөрсөн байх гэж би ойлгоод байгаа юм.
Танай нам Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах гээд барсангүй. Ерөнхий сайд үнэхээр хууль зөрчсөн юмуу?
Хууль зөрчсөн үндэслэл байна гэдгийг АТГ хэлсэн. Хэрэг үүсгэсэн байна лээ. Шалгалт явж байгаа. Цагдаад өгсөн, тагнуулд өгсөн. Холбогдох хууль хүчний байгууллагууд ажлаа хийх ёстой. Бид тэднийг анхааралтай харж байна. Бид нотлох баримтыг гаргаж өгөөд зохих байгууллагуудад шилжүүлсэн.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хамаатан 17 тэрбум төгрөгийн асуудалд холбогдоод байгаа. Таны хувьд үүн дээр маш хүчтэй дугарч байгаа?
Муухай биздээ. Нийгмийг манлайлах ёстой, хамгийн зөв байх ёстой улс төрийн намын дарга хүн, Ерөнхий сайд хүн ийм байж болохгүй л дээ. Хэн ч байсан зөв баймаар байна. Ахиад л нөгөө МИАТ-ын асуудал шиг, нөгөө л улсын үйлвэрийн нэртэй эзэнгүй газруудыг зохион байгуулалттайгаар тонодог, дээрэмддэг, хулгайлдаг байдал давтагдаж байна.
Аливаа зүйл хэм хэмжээтэй байх ёстой. Гэтэл хэтэрч байна л даа. Ер нь эдийн засаг дахь төрийн оролцоог аль болох л багасгаж, олон нийтийн компаниудаас улс төрчдийг, төрийн албан тушаалтнуудын томилгоог хөөж зайлуулах хэрэгтэй. Тэгээд цэвэр олон нийтийн хяналтад нь, бизнесийн төлөөлөлд нь өгөөд компанийн засаглалын дагуу явахгүй бол улс төрчид яг үүн дээр л хачиг хувалз шиг овоорч байна.
Сайхан юм ярьж гарч ирээд нэг эрх мэдэл аваад эрх мэдлийн цаана улсын нэртэй эзэнгүй хөрөнгүүд, бараа шахах, авах ажил явагдаж байна. Үүнийгээ бизнес гээд ойлгочихсон. Ардчилсан намын дарга өөрөө асуудалтай, түүний ахан дүүс нь зохион байгуулалттайгаар ороод ирсэн нь ой гутмаар байна.
Үнэхээр ой гутаж байна. Яагаад ч юм зүгээр ойлгож болохгүй байна. Бид асуудлыг тавьсан Ардчилсан нам хүнээ аваад үлдлээ. Одоо харин энэ асуудал дан ганц Н.Алтанхуягийн асуудал биш. Ардчилсан нам хариуцлагыг өөр дээрээ авч байга учраас энэ асуудал одоо АН-ын асуудал болсон. Одоо АН дотооддоо хөдөлж, юмаа ярих байлгүй дээ. Дур зоргоор нь аашлуулаад баймааргүй байна шүү дээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “18 нас хүрээгүй өөрийн хүүхдээсээ өөр хэний ч хариуцлагыг би хүлээхгүй” гэж хэлчихээд байгаа шүү дээ?
Нэг талаасаа их сайхан сонсогдож байгаа. Гэхдээ өнөөдөр 23 настай охин 1 сая төгрөгөөр компани аваад орой нь 1 тэрбум болгож үнэлээд маргааш нь тендерт ороод 17 тэрбум төгрөгийн тендер авдагийг би зөв гэж үзэхгүй байгаа.
Тэгээд нөхөр нь ТУЗ-ын дарга хийгээд эхнэр нь компанид нь шалгараад ах нь буюу Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэрийг нь зохицуулж, зохион байгуулж байгаа юм. Энэ шууд нөлөөлөл байна уу гэвэл байна. Нийтийн албанд төрийн албан хаагч ашиг сонирхлыг хэрхэн зохицуулах тухай томоохон хуулийг бид өнгөрсөн 4 жилд баталж чадсан.
Авилгалын тухай хуулинд томоохон өөрчлөлт оруулсан, хөрөнгө оруулгын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг гаргадаг болсон. Энэ бүхэн дээр дээрх асуудал туссан байх ёстой байхгүй юу. Гэтэл байхгүй байгаа юм. Бид дараагийн түвшинд үүнийг гаргаж тавина. Хүргэн хүү нь тэнд ажиллаад, охин нь тендер авч байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг надад хамаагүй гэж хэлж болохгүй.
Бид МАХН-ын дарга Н.Энхбаярыг мэднэ. Түүнийг ах дүүс нь зочид буудал авсан гэх үндэслэлээр шоронд суулгасан. Гэтэл Н.Алтанхуягийн асуудал түүнтэй зүйрлэхээргүй том асуудал. Дэндүү увайгүй. Ямар хүний юм үлгэрийн ид шидээр нэг өдрийн дотор компани болоод, нэг өдрийн дотор тендерт ороод олон тэрбум төгрөгийн тендер авдаг юм. Хамгийн гол нь тэр тендер нь “Эрдэнэс Тавантолгой” компанид хэрэггүй тендер.
Миний хамгийн зэвүүцсэн зүйл нь энэ компани нь өөрөө Монгол Улсын нийт иргэдийн компани. Иргэн хүн болгондоо 1072 ширхэг хувьцаа өгсөн компани. Монголын 1500 аж ахуй нэгж төрийн бодлогыг дэмжиж хувьцааг нь авсан олон нийтийн компани байхгүй юу. Зорилго нь Монгол Улсын иргэн бүр үнэт цаас эзэмшдэг, тэр үнэт цаас эзэмшиж байгаа
Тавантолгой компани нь дэлхийн хэмжээний орд, 7 тэрбум тонн сайн чанарын нүүрстэй, зах зээлдээ ойр, 100 жилээр яригдах нөөцтэй, хэдэн үеэрээ өв залгамжилж үр ашгийг нь хүртэх ёстой төслийг хачиг хувалз шиг сорж байгаа байхгүй юу. Үүнийгээ Н.Алтанхуяг “Би мэдэхгүй, насанд хүрсэн хүний асуудал” гэж хэлж чадаж байгаа нь аймшигтай.
Ерөнхий сайд Н.Алтанхуягтай холбоотой асуудлыг энэ чигээр нь орхих уу аль эсвэл?
Эцсийн эцэст Ерөнхий сайдыг олонхи л огцруулж чадна. Энэ бол хууль. Цөөнх огцруулж чадахгүй. Цөөнх асуудлыг гаргаж тавьдаг олонхи шийддэг. Олонхи шийдэж чадвал олонхи олонхоороо байдаг шийдэж чадахгүй бол ачаалал буюу гэм буруугаа олонхи өөрсдөө үүрдэг. Тэгэхээр улс төрийн шийдлийг олонхи хийнэ.
Олон түмний хөрөнгө эзэнгүйдэж байна, эдийн засаг дахь төрийн оролцоо хэм хэмжээнээс хэтэрч байгааг харууллаа. Монгол орныг муухай харагдуулаад байна.
УИХ-ын дэд дарга байсан С.Баярцогт дэд даргынхаа суудлыг УИХ-ын гишүүнийхээ суудалтай хамтад нь өгөх ёстой байсан уу? та юу гэж бодож байна?
Жирийн гишүүн ийм байдалд орсон бол яах вэ гэсэн асуулт гарч ирээд байгаа юм. Одоогоор С.Ганбаатар, Г.Уянга тэргүүтэй УИХ-ын гишүүд асуудлыг үргэлжлүүлээд явж байгаа юм билээ. Хууль хяналтын байгууллагууд шалгах л ёстой. Үүнийг задлавал маш олон хуулийн зөрчил гарч ирэх байх. Хаа хаанаа шударга байж чадах уу л гэдэг асуудал.
Таны хувьд гадаадад данстай юу?
Байхгүй ээ.
Өнөөдөр Монгол Улсад хамгийн хэрэгцээтэй зүйл юу байна вэ?
Монголд юу хэрэгтэй вэ гэхээр хөрөнгө хэрэгтэй байна. Монголоос хөрөнгө гадагшлах биш орж ирэх хэрэгтэй байна. Хөрөнгө оруулалт Монголдоо шингэж чадвал Монгол Улсын эдийн засгийн хөгжил, олон түмний амьдрал ахуй, улс орны язгуур эрх ашигт нийцнэ. Асар их хөрөнгө гадагшилж байна.
Оросын жишээ манайд давтагдаж байна. Маш сайн, өндөр үзүүлэлттэй байсан эдийн засагаа унагаачихлаа. Олон улсын үнэлгээнүүдэд өсөлтгүй, тогтворгүй эдийн засагтай орон гэсэн үнэлгээ рүү оруулчихлаа. Гадны хөрөнгө оруулалтаа гаргачихлаа. Үүнийгээ дагаад дотоодын хөрөнгө оруулалтаа эрсдэлд оруулчихлаа.
Одоо ажилгүйдэл ихээр гарна. Ялангуяа бизнес эрхэлж байгаа хүмүүс, олон түмэн дор дороо л бэлтгэлтэй байх хэрэгтэй. Бид ойрын 1-2 жилдээ эдийн засагтай холбоотой томоохон цохилтууд амсах байх. Монгол Улсын орлого багасна. Үүнийг давж гарахын тулд аривлан хэмнэх ажил эхэлнэ дээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн өнгө ямар байх бол?
Монголын ард түмэн аливаа зүйлд их бодитой ханддаг, тэнцвэрийг зөв олдог хүмүүс болохоор ухаантай шийдэл хийх байх гэж бодож байна.
Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгч өөртөө ямар хэв шинжийг агуулсан, ямар хүн байгаасай гэж бодож байна вэ?
Өнөөдрийн цаг үед Монголчуудын нийтлэг эрх ашиг, үндэсний эв нэгдэл л байна даа. Монголын нийгэм хангалттай хагарлаа. Хэтэрхий зөрчилтэй болж байна. Заримдаа нэгнээ үзэн ядах хэмжээнд хүрч байна. Үндэсний эв нэгдлийг хангах, Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө байх Ерөнхийлөгчийн бодлого хэрэгтэй байна. Нөгөө талаасаа 2 хөршийн буюу гадаад бодлогодоо онцгой анхаарах хэрэгтэй гэж бодож байна.
Сая Ардчилалын нэртэй томоохон хурал хийлээ. Үүнд 2 хөрш БНХАУ, ОХУ-ууд ирсэнгүй. Сайхан найр хурим хийж байхад хоёр хажуу айл маань орж ирэхгүй байвал ямар санагдах вэ? үүнд онцгой анхаарах хэрэгтэй. Би бодохдоо манай улс гадаад бодлогодоо том алдаа гаргаж дээ л гэж бодож байлаа.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдыг хажуу хоёр хөрш маань аль нь ч хүлээж авахгүй байна. Аль нь ч хүлээж авахгүй байгаад асуудал байна. Хөрштэйгээ учраа олохгүй байгаа атлаа сум, хошуу алгасаж байгаа нь ч юу билээ. Уламжилж ирсэн хоёр хөршийн томоохон төрийн бодлого эн тэргүүнд байх ёстой ч гажуудлаа даа.
Ингэхэд манай улс үнэхээр Ардчилсан орон мөн үү?
Хэлбэрийн хувьд манай улс шиг сайн ардчилсан улс байхгүй. Агуулгын хувьд олон тал дутуу бий. Ер нь хэтэтсэн ардчилал, ардчилалынхаа гол дайсан болдог. Өөрөө ардчилалынхаа үнэт зүйлсийг үгүйсгэдэг. Би бол манай улсад ардчилал хэтийдэж байна л гэж бодож байгаа. Хэт туйлшрал ийм байдалд хүргэж байгаа.
Энэ нь Монгол Улсын төрийн дархлааг сулруулаад хаяжихлаа. Тухайлбал Ерөнхийлөгчийн засаглалын тухайд шүүмжлэлтэй харагддаг нэг зүйл бол Ерөнхийлөгч эрх мэдлийн хүрээнд хэрэг бүртгээд, АТГ хэрэг үүсгээд, прокурор яллаад, шүүхээр асуудлыг тасалж байна. Энэ нь өөрөө ардчилалын амин судас болсон засаглалыг зааглах асуудлыг уландаа гишгэж байгаа илрэл.
Ерөнхийлөгч АТГ-ыг томилдог, Прокурорыг томилдог, Шүүхийн шүүгчийг томилдог. Гэтэл ардчилалын амин судас болсон энэ зүйл нэг гарт төвлөрсөн нь буруудаад байгаа юм. Энэ тогтолцоо засагдах ёстой ч засрахгүй байсаар байгаад би харамсдаг.
Үндсэндээ Монгол орон машинаар бол дороо эргээд л байна. Шинэчлэлийн засгийн газар бензин тос ахиухан хийчихээд л дороо эргээд л хаазлаад л байна хаазлаад л байна. Урагшлах биш улам л шаварт гүнзгий суугаад хаазалсаар л байна.