С.Эрдэнэ: НҮБ-ын Монгол дахь эмэгтэйчүүдийн хөгжлийн санг дахин байгуулах хүсэлтээ илэрхийлсэн
УИХ-ын Гишүүн, Хүний Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яамны Сайд С.Эрдэнэ
2013.06.09

С.Эрдэнэ: НҮБ-ын Монгол дахь эмэгтэйчүүдийн хөгжлийн санг дахин байгуулах хүсэлтээ илэрхийлсэн

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг “Ярилцах танхим”-ынхаа энэ удаагийн зочноор урилаа. Тэрбээр НҮБ-ын эмэгтэйчүүдийн асуудлаарх комиссын 57 дугаар чуулганд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж оролцоод ирсэн юм.

-НҮБ-ын эмэгтэй­чүүдийн асууд­лаарх комис­сын 57 дугаар чуулган өм­нөх чуулгануудаасаа ямар онц­логтой байсан гэж та дүг­нэх вэ?

-Энэ удаагийн чуулган өмнөх чуулгануудаасаа илүү үр дүнтэй болж чадсан болов уу гэж дүгнэж байна.

Үүнээс өмнө хуралдсан 56 дугаар чуулганд оролцогчид хэлэлцсэн асуудал дээрээ санал нэгдэж, чадаагүй юм билээ. Харин энэ удаагийн чуулганд оролцсон улсууд хэлэлцэж байгаа асуудлыг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч, гарах арга замыг хамтдаа эрэлхийлэхээр болсон. Бид энэ удаагийн чуулганд өндөр ач холбогдол өгч, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр НҮБ-ын тогтоол гаргуулахаар хүчин чармайлт тавьж ажилласан. Энэ сарын 14 гэхэд НҮБ-ын тогтоол албан ёсоор гарах байх. Манай улс уг тогтоолыг дэмжсэн байр суурийг илэрхийлсэн.

-Чуулганд оролцогчид ямар асуудал дээр нэгдмэл байр сууринд хүрсэн юм бэ. Хэлэлцсэн асуудлынхаа талаар танилцуулахгүй юу?
Өнөөдөр охид, бүсгүйчүүдийг гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд нэг улс дангаараа хүчин чармайлт гаргаад ямар ч нэмэргүй

-Нийт 70 гаруй орны Эмэг­тэйчүүдийн асуудал хариуцсан салбарын сайд нар оролцсон томоохон чуулган болж өндөрлөлөө. Чуулганы үеэр сайд нар эмэг­тэйчүүдийн эрхийг хангах, охид, бүсгүйчүүдийг хүчирхийллээс хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийнхээ талаар танилцуулж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаараа санал солилцлоо. Өнөөдөр охид, бүсгүйчүүдийг гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд нэг улс дангаараа хүчин чармайлт гаргаад ямар ч нэмэргүй. Хамтарч ажиллаж байж үр дүнд хүрэх юм байна гэдэг дээр чуулганд оролцсон орны төлөөлөгч нар санал нэгдэж, эмэгтэйчүүдийг, ялангуяа өсвөр насны охидыг гэмт хэрэг, хүчирхийлэл, үндэстэн дамнасан гэмт хэргийн золиос болохоос хамгаалах асуудлыг анхааралдаа авахаар болсон.

-Манай улсын хувьд энэхүү асуудалд хэрхэн анхаарал хандуулж байгаа юм бэ. Тэнд очоод ямар улсуудтай хамтарч ажиллахаар харилцаа холбоо тогтоов?

-Манай улсын хувьд сүүлийн үеийн судалгаанаас харахад охид, бүсгүйчүүдийн эсрэг гэмт хэргийн гаралт өсөөгүй боловч, буурахгүй байгаа нь ажиглагдаж байна. Ер нь нийгмийн эмзэг бүлэг их болохоор эмэгтэйчүүд болон хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудал манай улсын хувьд нэн тулгамдсан асуудал болоод байгаа. Тиймээс манай яамны зүгээс энэ асуудлыг үндсээр нь үгүй хийхийн тулд Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг боловсруулах бэлтгэл ажилдаа ороод байгаа. Энэ хүрээнд саяхан Орхон аймагт “Эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого-шинэчлэл” нэртэй үндэсний чуулганыг зохион байгууллаа. Эмэгтэйчүүд маань уг чуулганаараа олон асуудлыг хөндөж тавьсан. Бид чуулганаар хэлэлцсэн асуудлуудыг бодлогын баримт бичигтээ тусгахаар ажиллаж байгаа. Үүний дараа НҮБ-ын эмэгтэйчүүдийн асуудлаарх комиссын 57 дугаар чуулганд оролцоод ирсэн маань маш чухал ач холбогдолтой асуудал болж байна гэж үзэж байна.

Энэ үеэр бусад улсын сайд нартай хамтарч ажиллахаар ярьснаас гадна НҮБ-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын дарга хатагтай Ачелитотой уулзаад ирлээ. Энэ хүнийг Чил улсын Ерөнхийлөгч байсан гэдгээр нь хүмүүс мэдэх байх.  Түүнтэй уулзаж, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар НҮБ-тай өргөн хүрээнд хамтарч ажиллах хүсэлт тавихын зэрэгцээ НҮБ-ын Монгол дахь Эмэгтэйчүүдийн хөгжлийн санг дахин байгуулах хүсэлтээ илэрхийллээ. Тэрбээр энэ бүх асуудлыг эргэж харахаа амласан бөгөөд Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг маань тааламжтай хүлээж авсанд их баяртай байгаа.

-Охид, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчих, хүчирхийлэх асуудлыг үндсээр нь таслан зогсоохын төлөө ажиллана гэлээ. Үүнийгээ тодруулж өгөхгүй юу?

-Энэ бүхнийг таслан зогсоохын тулд гэр бүлийн тогтвортой байдлыг бий болгох хэрэгтэй байгаа юм. Буурай, хөгжил дорой орнуудад эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх, эрхээ зөрчүүлэх зэрэг асуудалд нэлээд өртөж байгаа нь нууц биш. Энэ хэрээр манай улсад ч энэ явдал түгээмэл ажиглагддаг. Үнэнийг хэлэхэд өнөөдрийн хувьд манайхан эмэгтэйчүүдийг хүчирхийлэлд өртөх гэдэг ойлголтыг бие махбодийн хохиролд орох гэсэн байдлаар л ойлгож байна. Гэтэл энэ бүхэн чинь тухайн хүнийг хүүхэд байхаас нь гэр бүлийн хүмүүжил олгохоос эхлэх ёстой.

Тиймээс манай яамны зүгээс гэр бүлийн хүмүүжлээр дамжуулж дээрх асуудлыг таслан зогсоох ёстой гэсэн байр суурийг баримталж байгаа юм. Ер нь цаашид  хүний хөгжил рүүгээ анхаарахгүйгээр улс орны хөгжлийг ярихгүй гэдгийг ойлгуулахын төлөө ажиллаж байна. Өнөөдрийн хувьд зам тавих, байшин барилга барих асуудалд илүү анхаарал хандуулах нь давамгайлж байгаа нь үнэн. Хүн амын хөгжлийн бодлогын цогц баримт бичиг гаргах гээд байгаа шалтгаан нь эдийн засгийн хурдацтай өсөлт, бүтээн байгуулалтын хурдтай хүн амынхаа хөгжлийг уялдуулах шаардлага тулгарсанд байгаа юм шүү дээ.