Авто замын шинэ техник, технологийн “Road Expo Mongolia 2013” олон улсын анхдугаар үзэсгэлэн болно
Монголчууд анх удаа авто замын шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.
2013.06.17

Авто замын шинэ техник, технологийн “Road Expo Mongolia 2013” олон улсын анхдугаар үзэсгэлэн болно

-Монголчууд анх удаа авто замын шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. 

Гуравдугаар сарын 6-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Road Expo Мongolia 2013” авто замын шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэн, конференц зохион байгуулагдах гэж байна. Буянт-Ухаа дахь спорт цогцолборт болох уг үзэсгэлэн нь Монголын авто замын салбарын анхдугаар экспо үзэсгэлэн гэж хэлж болно. Учир нь өмнө манайд ийм хэмжээний үзэсгэлэн, сургалт зохиогдож байгаагүй. Монголын авто замын салбарынхан дэлхийн шилдэг техник технологи, ололт амжилтыг үзэж сонирхож, ажилдаа ашиглахын тулд гадаадын улс орнуудад зохиогддог үзэсгэлэнг зорьдог байсан бол энэ удаад Монголдоо, эх орондоо тэр бүгдийг үзэх боломжтой болж байна.

Энэ үзэсгэлэн, сургалтын ерөнхий зохион байгуулагчаар Монголын авто замчдын холбоо, Зам, тээврийн яам, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, “Аодэ” ХХКомпани хамтран ажиллаж байгаа аж.

 “Road Expo Мongolia 2013” авто замын шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэн, конференцыг зохион байгуулах Ажлын хэсгийн дарга, Монголын авто замчдын холбооны тэргүүн Т.Бямбаагаас зарим зүйлийг тодруулсан юм. 

Энэ олон улсын үзэсгэлэн, бага хурлыг хаанаас зохион байгуулж байгаа  вэ? 

Монголын авто замчдын холбооны тэргүүн Т.Бямбаа

-Монголд авто замын анхны экспог зохион байгуулах гэж байна. Уг экспог Монголын авто замчдын холбоо санаачилсан. Зам, тээврийн яам манай холбоо хамтарсан тушаал гаргаж, Ажлын хэсэг байгуулаад байна. Монголын авто замчдын холбоо, Зам, тээврийн яам, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, “Аодэ” ХХКомпани “Road Expo Мongolia 2013” олон улсын үзэсгэлэн худалдааны ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна.

 -Яагаад энэ үзэсгэлэн, бага хурлыг  зохион байгуулах болов оо?

-Засгийн газраас Монголын авто замын салбарт үндэсний компаниудыг дэмжье гэсний дагуу, үндэсний компаниуддаа ажил өгье гэсэнтэй холбогдуулан энэхүү үзэсгэлэн, бага хурлыг зохион байгуулж байна. Дэлхийн шинэ шилдэг технологи, манайхтай ижил цаг ууртай бусад оронд хэрэглэж буй сүүлийн үеийн технологийг Монголд оруулж ирэх, тэдгээр технологийг оруулахад үүнийг хийх тоног төхөөрөмжүүд  дагаад орж ирнэ. Монголд тэдгээр шинэ техникүүд ороод ирдэг ч хаана, ямар юм байгааг нь мэддэггүй.

Тэр бүхнийг экспо үзэсгэлэнд нэгтгээд харуулах юм. Үүнээс гадна манай үндэсний компаниудыг Монгол улсын хэмжээнд танилцуулах явдал юм. Манайхан өөрсдөө сайн, мууг нь мэдэхгүй байж “Монголын замын компаниуд муу” л гээд байдаг. Энэ үзэсгэлэнд та бүхэнд хүрэлцэн ирснээр Монголын замын компаниуд гэж ямархуу хүчин чадалтай, ямар мэргэжлийн инженер техникийн ажилтнуудтай , орчин үеийн техник, технологиор зам барьдгийг харах болно.Мөн авто замын салбарт төрөөс баримтлах бодлого, чиглэл, төлөвлөлт, цаашид хийх ажлын талаар мэдээлэлийг эндээс авах боломжтой.

 -“Road Expo Мongolia 2013” үзэсгэлэнгийн үеэр ямар үйл ажиллагаанууд болох юм бэ?

-Тоног төхөөрөмжийн үзэсгэлэн спорт цогцолборын гадна талбайд, дотор талд нь тусгай павилионуудад шинэ технологиудын танилцуулга, үндэсний авто замын компаниуд өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилна. Үүний хажуугаар хоёр өдөр бага хурлууд  зохион байгуулагдана. Бага хурлаар олон улсад хэрэглэгдэж байгаа авто замын  шинэ дэвшилтэт техник,  технологиудыг танилцуулагдана.

Бага хурлаар олон улсад хэрэглэгдэж байгаа авто замын шинэ дэвшилтэт техник, технологиудыг танилцуулагдана.

Үзэсгэлэнд замын салбарын компани болон техник, машин механизмууд  оруулж ирдэг компаниудаас гадна банкууд оролцож болно. Хөдөлмөрийн бирж, материал үйлдвэрлэгчид, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалалын хувцасны үйлдвэрүүд, авто замын сургалтын байгууллагууд, даатгалын компаниуд зэрэг авто замын салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүс үзэсгэлэнд оролцох эрхтэй.

Авто замын салбарт ажиллах хүч маш их хэрэгтэй байдаг. Иймээс манай улсад ажилгүй иргэд олон байдаг учир үзэсгэлэнг ирж сонирхоод таалагдсан ажлын байраа сонгох боломжтой юм. Үүнтэй холбоотойгоор үзэсгэлэнд Хөдөлмөрийн биржүүд хамтран ажиллана. Улаанбаатар хотод “Гудамж зам” төслийг Эдийн засгийн хөгжлийн яам санаачлан эхлүүлээд байгаа. Уг төслийг яаралтай, хурдан хугацаанд хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай учир манай салбарынхан ч дэмжиж байгаа. Энэ утгаараа бид Эдийн засгийн хөгжлийн яамыг энэ үйл ажиллагаанд хамтран оролцох байх гэж бодож байна.  

-Энэ экспо үзэсгэлэн худалдаа, сургалтад хамрагдъя, оролцъё гэж сонирхож байгаа компани байгууллага, хувь хүмүүс яаж бүртгүүлэх вэ?

-Яам болон манай холбооныхон битүүний урд өдөр уулзаад үзэсгэлэн, бага хурлыг зохион байгуулах Ажлын хэсгээ байгуулаад ажлын төлөвлөгөөгөө гаргасан.

Та бүхэн “Road Expo Мongolia 2013” үзэсгэлэнд оролцохыг хүсч, мэдээлэл авахыг сонирхож байгаа бол www.mra.mn, www.roadexpo.mn вэб сайт руу орохоос гадна expo@mra.mn имэйл хаяг руу мэдээллээ явуулж болно.

Үзэсгэлэн, бага хурлыг авто зам барилгын ажлын улирал эхлэхээс өмнө   богино хугацаанд амжуулахаар ажиллаж байна. 

-Танай холбоо байгуулагдсанаасаа хойш замын салбарын инженер, мэргэжилтнүүдийг гадаадын үзэсгэлэнг сонирхуулахаар олноор нь явуулдаг. Харин энэ удаад Монголд  олон улсын үзэсгэлэн, бага хурлыг зохион байгуулж байна гэж ойлгож болох уу? 

-Тийм ээ. Гадаадын үзэсгэлэнг сонирхуулахаар жилд 30-50 хүнийг авч явдаг байсан. Харин одоо бидний зохиох байгуулах  гэж байгаа энэ үзэсгэлэн, бага хурал нь хямд зардлаар эх орондоо анх удаа авто замын олон улсын шинэ техник, технологиудыг үзэх боломжийг  үндэснийхээ авто замын компаниудад нэгдсэн бодлогоор үзүүлж танилцуулах зорилготой юм. 

-Монголд анх удаа зохиогдох энэ экспод хөдөө орон нутгийн компаниуд яаж оролцох вэ?

-Инженер, техникийн ажилтнууддаа энэ үзэсгэлэнг заавал үзүүлэх хэрэгтэй. Манай үндэсний авто замын компаниуд болон иргэд  олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинэ стандарт, орчин үеийн шинэ техник, технологи зэргийг монголд оруулж ирээд хэрэгжүүлж чадахгүй байгаа бол энд ирээд танилцуулж цаашид хэрэгжүүлэх боломж нээгдэх юм.Үүнийгээ  сонирхуулъя гэвэл видео бичлэгээр харуулж бас болно шүү дээ.

Авто замын үндэсний томоохон компаниуд нь ямар үйл ажиллагаа явуулж байна гэдгийг үзэсгэлэнгийн үеэр харуулахын тулд манай компаниуд дотор зассан тусгай павилонуудад өөрсдийнхөө танилцуулгыг хийнэ. Ер нь нэг томхон авто замын  компани техникүүдээ аваачаад тавихад Яармагийн дэнж дүүрчихнэ шүү дээ.  Ийм болохоор шинэ тоног төхөөрөмж зардаг компаниуд Монголд орж ирээгүй тоног төхөөрөмж, технологио аваачиж танилцуулах юм.

Тэгээд ер нь үзэсгэлэнг замчид очиж үзэх гэхээсээ илүүтэй монголчууд бүгдээрээ очиж сонирхвол зүйтэй байх. Мөн энэ үзэсгэлэнгийн талаар санал сэтгэгдлээ ч хуваалцаж болно. 

-Олон улсын үзэсгэлэн гэж байгаа болохоор гаднаас оролцогчид бас ирэх нь ээ?

- Одоогоор Канад, Герман, БНХАУ, БНСУ, Япон, ОХУ, Энэтхэг зэрэг улс орнуудаас  оролцохоор саналаа ирүүлээд байна. Цаашид энэхүү үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулаад явахад замын салбарын хөгжилд  нэлээд түлхэц болно гэж бодож байна.

Энэ үзэсгэлэнг компанийн захирал, инженерүүд ирж үзэж сонирхохоос гадна ажилчдадаа үзүүлбэл их үр дүнтэй ажил болно.

Үзэсгэлэнгийн үеэр ажилгүй байгаа иргэдээ бүртгээд ажлын байртай болгоод, сургаад авбал бас нэг хэрэг бүтнэ.

Монголын үндэсний компаниуд өөрсдийгөө сайн танилцуулж, үйл ажиллагаагаа олонд танилцуулах нь маш чухал. Компаниуд нь ч бусдынхаа тухай сайн мэддэг болох хэрэгтэй. Хэн хэнээсээ суралцах хэрэгтэй шүү дээ. Түүнчлэн ийм үзэсгэлэн зохион байгуулснаараа гадаадын хөрөнгө оруулалтыг татах зам нээгдэж байгаа юм. Нөгөөтэйгүүр манай компаниуд шилдэг техник, технологитой тэдгээр гадны компаниудтай харилцаа холбоо тогтоох боломжтой болж байна.