Газан түгээгүүр хангалттай байна уу
Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд өдөр бүр, хэдэн арван санал гомдол ирсээр. Тэдгээрийн дундаас нэгэн иргэний нэгэн гомдол яахын аргагүй шийдэх ёстой асуудал байх аж. Тэр нь газан клонкийн тоо хүрэлцээгүй тухай.
Улаанбаатар хотын хэмжээнд 20 гаруйхан хийн түлшний түгээгүүр байдаг аж. Тэдгээрийн хоорондоо дунджаар таваас арван километрийн зайтай. Нэгж шатахууны үнэтэй харьцуулбал арай хямд өртөгтэй ч бензин дуусахыг сануулах шар гэрэл нь асчихсан мэт байнга түлшээ хянаж байхгүй л бол эрсдэлтэй.
Газан машинтангуудын олонх нь үнэ хямдавтар, “халтуур”-нд давхилддаг жижиг тэргүүд. Тэдний хувьд байнга шатахууны саваа дүүрэн байлгах боломж нь тэр бүр байдаггүй гэнэ.
Үнэхээр газан түгээгүүр дээрх автомашины дараалал ажил тарах цагаар ихэсдэг бөгөөд баярын өдрүүдийн өмнө энэ нь оргил цэгтээ хүрч цаг гаран дараалалд зогсох ч хэрэг гардаг байна.
Хэдийгээр экологид ээлтэй гэдэг утгаар нь газан хэрэглээг дэмжих, нийтийн тээврийн хэрэгслийг газаар ажилладаг болгох гээд ярьж байгаа ч бодит амьдралд газан хэрэглээг дэмжих бодлого, ядаж түлш түгээгүүрийн станцуудыг хангалттай тавьж өгөөгүй харамсалтай.
түлш
Засгийн газраас утаагүй хот бий болгоно, хотын агаарын бохирдлын 30 хувийг дангаар бүрдүүлж буй автомашины утааг бууруулна гэх зэрэг амлалтыг цаасан дээр төлөвлөсөн. Цаасан дээрхийг амьдралд буулгахын тулд ядаж газан түгээгүүрийн тоогоо ядаж нэмэх ёстойсон.
Ингээд энэ талаар газан машинтай жолоочдийн үгийг сонслоо.
Иргэн Н.Энхбат:
Харин газан машин төвөгтэй учраас л би сая зарчихсан. Нэгд, манайд зарагдаж байгаа газны чанар их муу, яг автомашиных биш ахуйн хэрэглээний газ шахдаг гэдэг нь үнэн байх.
Солонгосоос орж ирэхдээ газтай байсан машины газны зарцуулалт нь шал өөр. Тэр газтай нь харьцуулбал зуугаас гуч дөчин хувийн зөрөөтэй гарах байх. Түгээгүүрийн тоо гэвэл зургаа долоон газар л санаанд орж байна.
Жишээ нь Яармагт түлш дуусахад, өөр машинаар чирээд долоо найман буудал явж байж түлштэй болно. Нэг бол завод руу, эсвэл 10-н буудалруу явж байж түлштэй болно. Хүн бүрт шатахууны саваа дүүрэн байлгаад байх боломж байхгүй.
Түгжрэлд ороод таг зогсчино, хамаг шатахуунаа үрнэ гэдгийг хэн ч нарийн тооцож чадахгүй шүү дээ. Газан машины үнэ ямар байна. Яг ижилхэн бензин машины үнэ ямар байна гэдгийг бодохоор ойлгомжтой байгаа биз дээ.
Иргэн Д.Батбаяр:
Ер нь очер ихтэй байдаг. Урт дараалалд зогсож зогсож авах гэхээр гэнэт түлш дуусчихсан гэх үе ч бий. Хөдөө орон нутгуудад бол бараг байдаггүй юм биш үү. Дархан, Эрдэнэт гээд ганц хоёр төвлөрсөн газарт л байна. Газан машин хямд учраас хүмүүс их авч олон болгосон. Гэхдээ газны түгээгүүр нь цөөн хэвээрээ л байна.
Иргэн П.Одгэрэл:
Газан машинаараа хөдөө явж үзээгүй юм байна. Улаанбаатарт түлшний станц нь хэдхэн л байдаг шүү дээ. Ингэхээр нэг хийхдээ дандаа дүүргэчихдэг юм. Хотын төв хэсэг рүүгээ дараалал бага зэрэг бий. Зах хэсэг рүүгээ дараалал бол байхгүй.
Нэг гэм нь бага багаар хийхгүй гэдэг нь дутагдалтай. Түгээгүүрийн тоог нь олшруулчихвал ч зүгээр л байх. Бензин машин л яаж ч бодсон илүү л байгаад байгаа юм. Хүрэлцээ бол үнэхээр муу. Хөдөө явахдаа газан машинаа орхихоос өөр аргагүй.