С.Баярцогт Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжааг нээлээ
Айвенхоу Майнз компани Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр таван жилийн турш амжилттай арилжаа явуулсны ойг тэмдэглэж, ноён Роберт Фрийдланд өчигдөр тус биржийн өдрийн арилжааг нээх уламжлалт хонхыг цохилоо.
Уг ёслолын ажиллагаанд уригдан ирсэн хүндэт зочид болох Монгол улсын сангийн сайд С.Баярцогт, Рио Тинто компанийн зэсийн салбар хариуцсан Гүйцэтгэх захирал Эндрю Хардинг, Нью Йоркийн хөрөнгийн биржийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Ловренс Лейбовиз, Айвенхоу Майнз компанийн ерөнхийлөгч Жон Маккен болон бусад зочид, төлөөлөгчдөд Ноён Фрийдланд халуун талархал илэрхийлж, өнгөрсөн таван жилийн хугацаанд Ази номхон далайн бүс нутагт томоохон орд газруудыг нээж, уул уурхайн төслүүдийг амжилттай хөгжүүлэх үндэс суурь тавигдсаныг онцлон тэмдэглэлээ.
Айванхоу майнз болон түүний стратегийн түнш Рио Тинто хамтран Монголын засгийн газартай алт, зэсийн нөөцөөрөө дэлхийд хамгийн томд тооцогдож буй Оюу-толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж чадсан билээ. Тус компанийн охин компани Өмнийн Говийн элс (SoughGobi Energy Resources ) нь Өмнөговь аймагт байрлах Олон-Овоотын нүүрсний уурхайгаас сайн чанарын нүүрс Хятад улсад экспортолдог бол мөн бас нэгэн салбар болох Айванхоу Австрали (Ivanhoe Australia) компани нь өндөр чанарын рени, молиденийн ордын хайгуул, судалгаа хийж байгаа аж.
Ноён Фрийдланд “Айвехоу Майнз компанийн Монгол улсад хэрэгжүүлж буй уул уурхайн төслүүдийн санхүүжилтийг шийдвэрлэхэд Хойд америкийн хөрөнгийн зах зээл чухал үүрэг гүйцэтгэсэн” гээд “Одоо Монгол улс нь байгалийн баялгийн нөөцдөө тулгуурлан нийгэм, эдийн засгаа хөгжүүлэх шинэ үе шатанд гарсан” гэжээ.
Дашрамд дурьдахад Айвенхоу Майнз компани нь 2005 оны 1-р сарын 18-ны өдрөөс эхлэн Нью Йоркийн хөрөнгийн биржид бүртгэгдсэн ба одоогоор тус биржээс гадна НАСДАК, Торонтогийн биржүүдэд арилжаа явуулж байна.