Мэндчилгээ
УИХ-ын Гишүүн, Хүний Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яамны Сайд С.Эрдэнэ
2013.07.18

Мэндчилгээ

Монголчуудын оюун санааны амьдралд мартаж болшгүй ул мөр үлдээсэн үйл явдал олон тохиолдож байсныг Та бид мэднэ.

Тийм түүхэн үйл явдлын нэгэнд 40 гаруй жилийн өмнө олон улсын хүүхдийн соёл, амралтын “Найрамдал” төв байгуулахаар тухайн үеийн Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэр зүй ёсоор орно.

Тэр цаг үед Монгол улс тоталитар нийгмийн тогтолцоотой байсан хэдий ч Монголдоо төдийгүй бүс нутагтаа томоохонд тооцогдох хүүхдийн хөгжлийн иж бүрэн төв барьж байгуулахаар гаргасан энэхүү шийдвэр үнэхээр алс хэтийг харсан, улс орны ирээдүйн хөгжил, цэцэглэлтэд түүхэн чухал ач холбогдолтой, зөв мэргэн байсныг Та бидний хамтдаа туулж өнгөрүүлсэн гучин таван жилийн үйл ажиллагааны үр дүн, ололт амжилт тод томруунаар батлан харуулж байна.

Хүн амаа хөгжүүлье гэвэл хүүхдэд зориулсан анхаарал, хандлага, харилцаа, хүүхдийн төлөө баримтлах төр, засгийн бодлого, шийдвэр, хүүхэдтэй шууд тулж ажилладаг бүх шатны байгууллагын хүмүүсийн үйл ажиллагаа, сэтгэлгээ, арга барил, орчин нөхцөл гээд бүгдийг иж бүрнээр нь шийдэх шаардлагатай юм.

“Найрамдал” төв бол хүүхдийн асуудлыг тийнхүү иж бүрэн харж, цогц шийдсэн монгол загвар гэж хэлж болно.

Зах зээлийн тогтолцоонд шилжих үеийн хатуу ширүүн нөхцөлд хүүхдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг олон улсын стандартын түвшинд хүртэл дээшлүүлэн, уламжлал шинэчлэлийн залгамж чанарыг хослуулан ажиллаж, гучин таван жилийн хугацаанд дурсамж дүүрэн намтар түүхээ бүтээж байгаа “Найрамдал” төвийн үе үеийн хамт олон, амрагч хүүхдүүдэд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг Монголын ирээдүй болсон мянга мянган хүүхэд багачуудын нэрийн өмнөөс хүсэн ерөөе.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн,Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С. Эрдэнэ