УИХ-ын гишүүн хүн сайд байх эрхгүй болно
Улсын Их Хурал
2013.08.05

УИХ-ын гишүүн хүн сайд байх эрхгүй болно

УИХ-д олонх болсон нам сонгуулийн дараа Засгийн газрыг толгойлж, сайд нараа бүрдүүлдэг. Ингэхдээ УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүнийг салбар хариуцуулан сайдаар тохоон томилох нь манай улс төрд жирийн л үзэгдэл.

Харин гадаадын оронд улс төрийн ийм хариуцлагатай албыг давхар хаших нь зүйд нийцэхгүй гэж үздэг аж. Учир нь, хууль тогтоох байгууллагын гишүүн хүн ард түмний төлөөлөл болон сонгогдсон тул сонгогчдынхоо төлөө ажиллахын зэрэгцээ хуулийн төсөл боловсруулах, батлах ажилд цаг заваа зарцуулах ёстой гэж үздэг байна.

Хэрэв сайдын албыг давхар хашвал тухайн салбарын болон УИХ-ын гишүүний ажил аль аль нь цалгардах талтай гэж үзэж, энэ талаар хуульчилж өгчээ. Манай Үндсэн хуульд ийм зүйл заалт байхгүй учраас ажил цалгардах явдал газар авсан гээд гэхэд хилсдэхгүй.

Тухайлбал, өмнөх парламентын үед УИХ, Засгийн газрын гишүүн хүнийг сайд бус гишүүнтэй харьцуулан байнгын хороо, чуулганы хуралдаанд хэрхэн оролцож байгааг холбогдох албаныхан судалж үзтэл газар тэнгэр шиг ялгаа гарчээ.

Үүнээс төрийн хоёр том албыг хавсарч байгаа хүний ажлын чанар, хуваарилалт, хяналт, хариуцлагын тогтолцоо алдагдаж байдгийг харж болно. Энэ бүхнийг хазаарлах үүднээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулаад байгаа.

Тэрээр өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд УИХ, Засгийн газар хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, гарсан алдаа оноог судалгаан дээр тулгуурлан хуулийн төсөлдөө тусгажээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн хүн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж болохгүй. Зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байж болно гэж хуулийн төсөлдөө тусгасан байна.

УИХ

Уг өөрчлөлтийг өмнө нь хэд хэдэн удаа хийх гэж оролдож байсан ч УИХ-ын сонгуулийн өмнө таараад байсан гэнэ. Шинээр бүрэлдсэн өмнөх парламентууд үүнийгээ батлалгүй явсаар өнөөдөртэй золгожээ.

Ирэх парламентад энэ алдааг давтахгүйн тулд уг хуулийг энэ жилдээ багтааж батлаад 2016 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэхээр хуулийн төсөлд тусгаад буй.

Хэрэв энэ хууль батлагдчихвал Улс төрийн намууд, иргэд сонгуулиас өмнө энэ талаар мэдлэг мэдээлэлтэй болж, ажил амьдралаа зохицуулах, боловсон хүчний бодлого болон УИХ-д хэнийг нэр дэвшүүлэхээ бодох зэрэг олон талын ач холбогдолтой гэсэн. Энэ нь нөгөөтэйгүүр ний- гэмд хариуцлагын тогтолцоог бий болгох, чанаржуулахад хэрэгтэй аж.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан "Засгийн газар УИХ-д ажлаа тайлагнадаг. Гэтэл 2000 онд Үндсэн хуульд дордуулсан долоон өөрчлөлт хийсний нэг нь Засгийн газрын гишүүн хүн УИХ-ын гишүүн байна гэж оруулсан өөрчлөлт юм. Үүнээс болоод ажил үүргийн хуваарь, зааг ялгаа, харилцан хяналт, тэнцвэртэй байдал алдагдсан.

Энэ байдлыг эртнээс шийдвэрлэх үүднээс уг хуулийн төслийг өргөн барьсан. Монгол Улсын Үндсэн хуульд УИХ, Засгийн газрын гишүүнийг хавсарч хашиж болно гэж зөвшөөрсөн болохоос заавал байна гэж үүрэг болгосон зүйл биш. Нэмэлт өөрчлөлтөд ч ийм заалт заавал байна гэж заагаагүй.

Улс төрийн намуудын удирдлагын хүсэл зоригоос хамаарах учраас энэ төвөгтэй асуудал биш. Энэ хууль батлагдлаа гэхэд одоогийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй. Дараагийн УИХ сонгогдсоны дараа хууль хэрэгжээд явах юм. Тиймээс энэ хуулийн төслийг даруй баталбал сайнсан.

Өнгөрсөн хугацаанд гарсан буруу зүйлийг залруулж, зөв зүйлийг нь залж явбал нийгмийн болон төрийн, засаглалын харилцаа сайжирна" гэв. УИХ, Засгийн газрын гишүүнийг давхар хашиж болохгүй гэх саналыг өмнөх Засгийн газраас авч байжээ. Харамсалтай нь, сонгууль бүрийн өмнө УИХ уг хуулийн төслийг зөв гэж үздэг ч сонгуулийн дараа зан нь өөрчлөгддөг байна.

Уг асуудал Үндсэн хуулийн цэцээр хүртэл орж байжээ. 1996 онд Үндсэн хуулийн цэц хуралдаж Засгийн газрын гишүүн хүн УИХ- ын гишүүн байж болохгүй гэсэн шийдвэр гаргаж байж. Удалгүй цэц дахин энэ асуудлаар хуралдаж, өөр шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргасан гэсэн үг.

Уг нь эхний гаргасан шийдвэрээрээ явсан бол өнгөрсөн 20 орчим жилийн хугацаанд УИХ-ын гишүүн хүн төрийн сайдын албыг давхар хашиж, хоёр ажилд самгардан улс орны ажлыг цалгардуулахгүй байх боломж бүрэн байсан байна.