Нийслэлд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих журамтай болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2013.08.08

Нийслэлд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих журамтай болно

Өчигдөр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Нийслэлийн Засаг дарга болон орлогч дарга нар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар зэрэг нийслэлийн харъяа газар, агентлаг,дүүргийн Засаг дарга, удирдлагууд оролцсон өргөтгөсөн зөвлөгөөнийг зохион байгууллаа.

2013 онд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын явц, ирэх оны бүтээн байгуулалтын ажлын зураг төсвийг эрчимжүүлэх зорилготой энэ удаагийн зөвлөгөөнд Нийслэлийн харъяа төр захиргааны байгууллагын 40 гаруй удирдлага оролцсон юм.

Бүтээн байгуулалтын ажлын хурд чанарт нөлөө үзүүлэх гол хүчин зүйл нь төлөвлөлт бөгөөд анхны зургийн даалгавар, зураг төсөв яаж хийгдэхээс эцсийн гүйцэтгэл чанартай шуурхай болох нь шууд хамаарах тул ирэх оны их ажлын бэлтгэлийг хангах тал дээр эртнээс анхаарч зөв төлөвлөж ажлыг уялдуулах хэрэгтэй байна гэж Худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогт хэллээ.

Өргөтгөсөн зөвлөгөөн

Тэрбээр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар энэ онд 493 ажлын тендер шалгаруулалтыг хийх бөгөөд 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа.

Харин нийт ажлын 23,5 хувь буюу 116 нь зургийн даалгаваргүй, зураг төсөвгүй, газрын зөвшөөрөлгүй гэсэн шалтгаанаар удааширч байгааг Үнэлгээний хорооны дарга тус бүрээр дүгнэж нийслэлийн удирдлагуудад танилцуулан тодорхой шийдвэр хүсэв.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ирэх жилийн ажлыг төлөвлөхдөө газрын асуудал шийдвэрлэгдээгүй ажлыг төлөвлөгөөнд оруулахгүй байхыг сануулж захиалагч байгууллагуудаас зургийн даалгавар ирээгүй, зураг төсөв байхгүй ажлуудын талаар авах арга хэмжээний санал, хариуцах байгууллагуудын уялдаа холбоог шийдвэрлэх зэрэг ажлуудын талаар Нийслэлийн ирэх 7 хоногийн Удирдлагын зөвлөлийн хурлаар танилцуулж шийдвэр гаргахыг хариуцсан Засаг даргын орлогч нарт үүрэг болголоо.

Мөн үндэсний үйлдвэрлэл эрхлэгч, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн талаар нэгдсэн мэдээллийн баазыг үүсгэж, хуулийн дагуу дэмжлэг үзүүлэх журам боловсруулан ажиллах тухай үүргийг Худалдан авах ажиллагааны газарт өглөө.