С.Ганбаатар: Би гутарч байна
ТВ-9 телевизийн “Энэ өдрийн зочин”-оор УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцлоо.
-Оюутолгойн асуудлаар яриагаа эхэлье?
-Рио Тинто, Оюутолгойн гэрээг тодорхой болгох асуудалтай сүүлийн долоон жил зууралдаж байна. Оюутолгойн төсөл монголчуудыг олон ажлын байртай болгоно, сургууль цэцэрлэг, эмнэлэг барина, олон зэс хайлуулах, төмөрлөгийн үйлдвэр байгуулж монгол орны эдийн засагт нөлөөлнө гэдэгт олон монголчууд итгэдэг.
Гол нь Рио Тинто тэгж итгүүлсэн. Ганцхан ямар байдлаар, яаж хөрөнгө оруулах, яаж ажлын байр бий болгох нь тодорхой байх ёстой. Монголын ажиллах хүчийг яаж сургах, яаж ажиллуулах зэрэг сургалт болон хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөгөө байх ёстой.
Рио Тинто маш их башир арга хэрэглэж ажилчдаа халлаа, халах гээд байна, монголын Засгийн газар их муу, бидний шаардлагыг хүлээж авахгүй байна гэсэн мэдээллийг хамгийн гол нь гадаадын сэтгүүлчдэд тарааж байгаа. Гэрээний дагуу бол монголын Засгийн газартай ярилцах ёстой.
Хамгийн түрүүнд Рио Тинто компанийн удирдлагууд Оюутолгойн монгол ажилчдын үйлдвэрчний хороон даргатай хэлэлцээрт суусан байх ёстой. Хэлэлцээрт суугаад болохгүй тохиолдолд эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын хэлэлцээр гэж байдаг. Ер нь Рио Тинто олон улсын бусад орнуудад ажлаас халлаа, гарлаа, зогслоо гэж ярьж, хүчирхийлж, айлгаж, өөрсдийнхөө тулган шаардалтыг хийдэг ихээхэн туршлагатай.
-Далд уурхайн ажил зогссон гэсэн тайлбарыг хийж байгаа. Энэ нь урд хөршийн эдийн засаг сайнгүй байгаатай холбоотой. Тиймд бид ажиллах хүчийг цөөлж байна гэсэн албан бус эх сурвалжийн яриа бий.
-Хөлснийхөө нийтлэлчдээр асар хүчтэй нийтлэлүүдийг бичүүлж гаргах нь тэдний чаддаг зүйл. Далд уурхай зогслоо, санхүүжилтгүй боллоо гэдэг нь монголын Засгийн газрыг шахаанд оруулж буй зүйл. Шахаанд ороод болохгүй бол энэ Засгийн газар муу, улстөрчид муу, хөрөнгө оруулалтыг үргээж байна гэж олон улсад мэдээлэл явуулдаг.
Хамгийн аймшигтай нь өөрсдийнхөө бууны нохойгоор том том мэдээллүүд гаргаж Засгийн газрыг нь ард түмэнд нь муухай харагдуулах гэдэг. Энэ маш башир арга, ноцтой асуудал. Анх хөрөнгө оруулалтын гэрээг батлахдаа таван тэрбум 124 сая доллар.
Хөрөнгө оруулалт үүнээс илүү гарахгүй дутуу ч үгүй гэж баталсан. 2007 онд 2,7 тэрбум доллар гэж байсан бол хоёрхон жилийн дараа 5,1 тэрбум доллар гэж байгаа. Хуулиар ил уурхай 278 сая доллараар босно. Далд уурхай тэрбум 512 сая доллараар босно.
Эрсдэлийн гэнэтийн болзошгүй зардалд нэг тэрбум орчим төгрөгийг тусгасан байгаа. Гэтэл өнөөдөр 6,2 тэрбум доллар болгоод зарсан гэж ярьж байна. Дээр нь далд уурхай дээр дөрвөн тэрбум доллар хэрэгтэй байна гэж яриад байгаа. Цаашид бид 24,4 тэрбум доллар болгомоор байна гэдгээ шахаж байгаа.
-Монгол улсын Засгийн газар энэ асуудлаар өнгөрсөн хавар Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай уулзаж ярилцаад шийдэлд хүрлээ гэж байсан. Энэ юу болсон бол?
-Тэрийг өөрсдөөс нь асуух ёстой. Оюутолгой бол ард түмний өмч.
-Рио Тинто башир аргаар тухайн улс орныхоо Засгийн газрыг шахалтад оруулж, дарамталж байна. Магадгүй энэ хэлбэрээр монголыг өрөнд оруулах гээд байна гэсэн хардалт яваад байгаа.
-Хардалт биш бодитой зүйл. Хэрэв монголын тал өрийн тулган шаардалт бичигт гарын үсэг зурлаа л бол 2031 он хүртэл ноогдол ашиг авахгүй гэсэн тооцоо бий. Тэгвэл 2046 он хүртэл бид ямар ч ноогдол ашиг авахгүй гэрээнд гарын үсэг зуруулахаар тулган шаардалт хийж байна. Өөрөөр хэлбэл зардлаа нэмэгдүүлэх боломжоо хайж байгаа.
Монголын тал өрийн тулган шаардалт бичигт гарын үсэг зурлаа л бол 2031 он хүртэл ноогдол ашиг авахгүй.
Орлого нь хэд орж ирж байгаа нь бидэнд тодорхойгүй. Баяжмал ямар холбоогоор хэнд, яаж зарж буйг монголын тал өнөөдөр хүртэл мэдэхгүй байгаа. Ер нь Рио Тинто ингэж дураараа загнаж байхад монголын ард түмэн дуугарахгүй байна. Тэдний өмнөөс дуугар гэж монголчууд маань УИХ гэдэг статусыг 76 хүнд өгсөн.
Дуугарах нь бидний цалин авч хийж буй үндсэн ажил. Рио Тинтогийн мэдэгдлийг сайн харж анализ хийх хэрэгтэй. Монгол бол хөрөнгө оруулахад асар их ашигтай сайн газар. Гайхамшигтай бизнесийн боломжууд байна гэж мэдэгдлүүд хийдэг. Хувьцаагаа өсгөж байгаа юм. Эсвэл гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөн зайлуулж байна.
Монголын Засгийн газар яасан арчаагүй юм бэ. Далд уурхайн хөрөнгө оруулалтад мөнгө авах гэтэл зөвшөөрөхгүй байна гэсэн мессежийг үндэсний болон олон улсын гэрээлэгч нараараа хийлгэдэг. Тэгэхээр нөгөө хувьцаа нь эсвэл дээшилдэг. Эсвэл доошилдог.
Үүнийг урьдчилж мэдээлж байгаагаараа эд нар мөнгө хийж байна гэсэн үг. Үндсэндээ монголчуудыг өрөнд оруулах нь тэдэнд дэндүү ашигтай. Рио Тинтогийнхон энэ бэрхшээлтэй, энэ ярьж буй зүйлүүдийг бага дээр нь Монголын Засгийн газартай ярьж, эв зүйгээ ололцохгүй бол тэдний оруулж буй хөрөнгө оруулалт аюулд орно.
-Оюутолгойн үйл ажиллагаа манай эдийн засагт хэр нөлөөлж байна вэ?
-Оюутолгой эдийн засагт гайхалтай нөлөөлнө гэж яриад байгаа. Гэтэл одоогийн байдлаар монголын Засгийн газарт өртэй, өгөх ёстой зүйлээ өгөхгүй явж байгаа. УИХ-ын Төсвийн байнгын хорооноос миний бие ахалсан Оюутолгой төсөвт, монголын эдийн засагт ямар ашигтай ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг шалгах ажлын хэсэг гарсан.
Ажлын хэсгийн ахлагчийн хувиар Рио Тинтотой уулзахаар зургаан сараас хойш дөрвөн удаа захидал явуулсан ч өнөөдрийг хүртэл бултаж байна. Өнгөрсөн гурав дөрвөн жилийн эдийн засгийн өсөлтийг нүүрстэй холбож тайлбарлах ёстой.
Рио Тинтогоос зөвлөх үйлчилгээ авна гэж хэдэн компаниуд жаахан мөнгө, зарим нэг улстөрчдийн бүлэглэлүүд янз бүрийн гэрээ контрактууд авсан байх. Рио Тинтогоос бодитой, ард иргэдэд нялзах ашиг шим хүртэхийн тулд энэ асуудлаа ил тод болгоё гэж яриад байгаа.
-ҮАБЗ өнгөрсөн пүрэв гаригт өнөөгийн улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар хуралдсан. Таны хувьд одоогийн монгол орны эдийн засгийн нөхцөл байдалд ямар дүгнэлт өгч байна вэ?
-Худалдаж байгаа ашиг, зарцуулж буй зарлага тодорхойгүй байхад ашгийн тухай ойлголт бидэнд байхгүй. Ийм үед монголын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх тухай ойлголт байхгүй. Бид зүгээр тэдэнд сайн сөгдөж мөргөж гуйх л асуудал. Нөгөөдүүлийн өрөвдөх сэтгэл хөдлөх юм бол мөнгө өгөх болж таарч байна. Тэгэхгүйн тулд л гэрээн дэх бүх заалтуудаа ярья гээд байгаа.
Ажлын хэсгийн ахлагчийн хувиар Рио Тинтотой уулзахаар зургаан сараас хойш дөрвөн удаа захидал явуулсан ч өнөөдрийг хүртэл зугтаж байна.
Эдийн засгийн тухайд Хятадын худалдан авалт буурч, Европын эдийн засаг хүндэрч гээд дэлхий даяараа эдийн засгийн сулрал явагдаж байна. Үүнийг хэн нэгнийгээ намнах, ямар нэгэн улс төрийн ашиг хонжоо болгож битгий хараасай. Энэ үед монголын Засгийн газар юм уу, улстөрчдийг эв нэгдэлтэй байгаасай гэж уриалмаар байна. Эдийн засагт гол нөлөөлж буй зүйл нь бидний босгосон 1,5 тэрбум долларын бонд.
Өнгөрсөн өвөлжин миний зүгээс УИХ, парламент дээр байнга тавьж байсан зүйл байна. Наад 1,5 тэрбумынхаа 500 сая долларыг л төмрийн баяжмалаа шороогоор нь гаргаж буй улсуудад хяналттайгаар өгөөд ган, ширэм, хадаас хийдэг үйлдвэрүүд байгуулаад өгөөч. 250 сая доллар оруулахад баяжмалын үйлдвэр босгоно.
Төмрийн хүдрийг шороогоор нь гаргавал тонн нь 75-90 доллар. Тэгэхэд хорголжин төмөр гарган, концентрацийг нь жаахан нэмээд, шороог нь зайлуулах юм бол монголд ажлын байр бий болно. Тонн төмрийн баяжмал 400-600 долларт гарна. Ингэвал бид жилдээ тэрбум 500 сая долларын борлуулалтыг зөвхөн төмрийн баяжмалаасаа хийнэ.
-Тэгэхээр бид бондын мөнгөөр уул уурхайгаасаа бусад салбарыг хөгжүүлэх ёстой байсан юм биш үү?
-Хамгийн гол нь төмөрлөг, металлург, химийн үйлдвэр барьж байж дараа нь бусад үйлдвэрүүд хөгжинө. Оруулж буй мөнгөний 68 хувиас илүү нь цемент, арматурт явдаг. Одоо манайх төмөр зам барина гэж байна. Гаднаас төмөр замын лист оруулж ирэн төмөр зам барьдаг тэнэг орон монголоос өөр байхгүй.
Барилгажилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа бол барилгын материалын үйлдвэрээ хөгжүүлэх ёстой. Төмөр, металлургийн үйлдвэрийг Дарханд бариасай гэж зүтгэдэг нь үнэн. Гэхдээ энэ ганцхан тойргийн эрх ашиг биш. Нийт монголын эдийн засгийн тухай ярьж байна.
-Та бондын зарцуулалтад сэтгэл хангалуун бус байна уу?
-Бүр найр хийсэн. Би гутарч байна. Гудамж хөтөлбөр, зам гээд ярьж байхад нь би эсэргүүцээгүй. Зам хэрэгтэй ч энэ гоё зам, гудамж, цэцэг нь маргааш валют оруулж ирэх үү. Тэгвэл төмрийн баяжмалын үйлдвэрт хөрөнгө оруулалт хийсэн бол маргааш гаднаас валют орж ирнэ.
Валют орж ирсэн тохиолдолд төгрөгийн сулрал, валютын чангарал, эдийн засгийн хямрал яригдахгүй. Эдийн засагт өнөөдөр маш олон онол, номноос уншсан тодорхойлолтуудаа ярьж байна. Үгүй. Эдийн засаг гэдэг амьдралын хар ухааныг хэлдэг.
-Тун удахгүй хичээл сургууль эхэлнэ. Таны санаачилсан хуулиуд дотор хүүхэд харах хууль яригдаж байсан. Энэ юу болсон бэ?
-2011 оны нэг сард хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг өргөн барьсан. Анх өргөн барьж байхад маш их шүүмжлэлтэй тулгарч байсан. Энэ хуулийг намрын чуулганаар нэн яаралтай яримаар байна.
-Энэ хуулийг хийхэд тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй. Энэ мөнгө манайд байна уу?
-Байлгүй яахав. 30-50 тэрбум төгрөг гэдэг бол 30 сая доллар. Энэ Оюутолгой яриад байгаа хүмүүсийн нэг нийтлэлчдээ л өгдөг мөнгө. Өнөөдөр 220 мянга гаруй цэцэрлэгийн насны хүүхдээс 80 орчим мянган хүүхэд л цэцэрлэгт явдаг. 120-иод мянган хүүхэд гэртээ цоожлуулж байна.
Гэртээ хараа хяналтгүй байгаа хүүхдүүдээс сардаа 16-17 хүүхэд нас барж байна гэсэн судалгаа бий. Монголд нэн шаардлагатай хамгийн багадаа 650 цэцэрлэг хэрэгтэй. Нэг цэцэрлэг ойролцоогоор нэг тэрбум төгрөгөөр босдог гэхээр 650 тэрбум төгрөг гэсэн үг. Энэ 650 тэрбум төгрөг одоохондоо бидэнд байхгүй.
Гэртээ хараа хяналтгүй байгаа хүүхдүүдээс сардаа 16-17 хүүхэд нас барж байна гэсэн судалгаа бий.
Тиймд гэртээ нэгээс хоёр өрөө гаргаад цэцэрлэгийн нөхцөл бүрдүүлээд хүүхдүүдийг хооллон, монгол уламжлалаар хичээл заагаад хараа хяналтандаа байлгах боломжтой хүмүүс байвал боловсролын яам тэдэнд 45 хоногийн сургалт хийнэ. Тэгээд хүүхдээ цэцэрлэгт явуулж чадахгүй байгаа аав ээжүүд тэр хүмүүстэй гэрээ хийнэ.
Ингэснээр аав ээжүүдийн хариуцлагыг өндөржүүлж байна. Одоо цэцэрлэгт явж буй нэг хүүхэд жилдээ сая 400 мянган төгрөгийн санхүүжилт авдаг. Тэгвэл таны хүүхдэд цэцэрлэгт явж чаддаггүй ч цэцэрлэгт явж буй хүүхэдтэй адил нэг сая 400 мянган төгрөгийн санхүүжилтийг мөнгөжүүлэх эрхийг нь өгөөч л гэж байгаа.
Мөн 30 гаруй мянган ээж гэртээ хүүхдээ хараад ажил хийх боломжгүй байна. Миний тооцоогоор 2000 ээж хүүхэд харах үйлчилгээгээр ажилтай болж, 28 мянган ээж гадуур ажил хайх боломжтой болно. Энэ бол нийгмийн халамжийн хөтөлбөр биш, ирээдүйдээ хөрөнгө оруулж буй хэлбэр.