С.Баярцогт: Хувь хүний оролцоотой эдийн засгийн өсөлтөнд анхаарна
Манай улсад эдийн засгийн форум, техникийн уулзалт ирэх долоо хоногт болно. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд С.Баярцогттой ярилцлаа.
-Ирэх долоо хоногт эдийн засгийн салбар халуун өрнөх нь ээ. Энэ удаагийн Эдийн засгийн форумын онцлог юу вэ?
-Ирэх долоо хоногт Монгол Улсад эдийн засгийн салбарыг хамарсан томоохон арга хэмжээнүүд болно. Гуравдугаар сарын 2-3-ны хооронд хоёр дахь удаагаа Эдийн засгийн форум болно. Энэ жилийнхийг байгалийн нөөц баялаг, түүнийг сайн засаглалтай хэрхэн хослуулж хөгжүүлэх вэ гэсэн асуудлыг хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулаад 15 салбар хуралдааныг энэ хоёр өдрийн хооронд зохион байгуулна. Өнгөрсөн жил Френандо гол илтгэлийг тавьсан. Энэ жил Голланд өвчин буюу байгалийн хараалын талаар судалгаа хийсэн эрдэмтэн юм. Монгол Улсын Засгийн газар гадаад харилцааны түншлэлийн техникийн уулзалтыг гуравдугаар сарын дөрвөнд зохион байгуулна. 1991 оноос Хандивлагчдын зөвлөгөөнийг зохион байгуулж байлаа.
1990 онд шилжилт хийхэд ЗХУ-аас эдийн засаг хамааралтай байлаа. Энэ хамаарал Зөвлөлтийн тусламж зогссоноор маш их хэмжээний хөрөнгийн эх үүсвэр зохион байгууллаа. Ойролцоогоор жилд 300 орчим сая ам.долларын хөнгөлөлтэй зээлийг хандивлагчаас авч байлаа. Өнгөрсөн хугацаанд нийтдээ дөрөв орчим тэрбум ам.долларын тусламж, хөнгөлөлттэй зээлийг Монгол Улс авч хэрэглэсэн байгаа. Энэ жилийн тухайд гурван асуудлыг бэлтгэнэ. Монгол оронд зөвхөн хөнгөлөлттэй зээл авах бус арилжааны зээл авдаг, Засгийн газар баталгаа гаргадаг, санхүүгийн бүх эрсдлийг ашигладаг орон болсон учраас улс орнууд манайд хандах нь их болсон. Дунд хугацаандаа хөгжлийн бодлогыг тодорхойлох чиглэлээр уул уурхайн үйлдвэрлэл, зөв засаглалын асуудлаар ярилцана. Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулж, хариуцлагатай уул уурхай дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулах юм.
-Өнгөрсөн жилийн форумаас ямар үр дүнд хүрээд байна вэ?
-Өнгөрсөн жилийн эдийн засгийн форумаар хэлэлцээд байгаа асуудлаас үр дүн олон гарсан. Төсвийн шинэчлэлтэй холбогдолтой асуудлаар бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталлаа. Орон нутгийн төсвийн бараа таваар, ажил үйлчилгээ явуулах хуульд өөрчлөлт орууллаа. Одоо Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. Сонгуулиар бэлэн мөнгөний амлалтыг хориглохтой холбоотой хуулийн төслийг өргөн барьсан байгаа. Монгол Улс өнгөрсөн жилд эдийн засгийн үзүүлэлтээр 17 дугаарт жагссан байгаа. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг хангасан. Төсвийн ил тод байдлын санаачлагаар эхний 25 улсад орсон. Өөрөөр хэлбэл үзүүлэлтээрээ ахисан байгаа.
-Энэ жилийн тухайд юунд анхаарч байна вэ?
-Энэ жил тодорхой хэмжээгээр өрсөлдөөн бий болно. Тоон үзүүлэлтийн өсөлт бий болсны дараагаар техникийн ажил сайжирсан байх ёстой. Өмнө нь нийгмийн баялгийг иргэдэд хуваарилдаг арга нь нийгмийн халамж байсан. Энэ нь үр дүнгээ сайн өгөөгүй. Ерөөсөө өсөлт бий болгоход хувь хүнд өгөөжтэй, оролцоог нь нэмэгдүүлсэн байх ёстой. Хувь хүний оролцоотой өсөлт чухал болсон байна. Өөрөөр хэлбэл ажлын байр бий болгох замаар өсөлтийг хангах шаардлагатай байна. Сүүлийн үед улс орнууд бий болсон баялгийг нийгмийн халамж маягаар хүртээснээр өсөлтийн бодлого урт хугацаанд үр дүнгээ авчраагүй. Тэр утгаараа Монгол Улсын Засгийн газар энэ оныг хөдөлмөр эрхлэлт ажлын байрыг нэмэгдүүлэх жил болгож зарласан. Өсөлтийг бий болгох, хөгжлийг бий болгоход ил тод байдлын асуудал чухал байна. Тэр утгаараа 2012 оны сонгуулийг ямар нэг маргаангүй явуулахаар энэ жилийн төсөв дээр тооллогыг электроник аргаар явуулахаар суутгасан. Хүн амаа бүрэн тоолсон. Тийм учраас 2012 онд ямар нэг байдлаар маргаан гарах, санал будилах асуудал бараг гарахгүй байх. Дээр нь эргэлтэд орохгүй байгаа хөрөнгийг эргэлтэд оруулах юм. Үүгээрээ өнгөрсөн жилийн эдийн засгийн форумаар яригдсан зүйл үр дүнгээ өгсөн. Одоо жижиг дунд үйлдвэрлэлийн зээл олгоход баталгаа гаргаж санд хэлэлцэхээр яригдаж байна. Энэ жилийн тухайд засаглал талдаа илүү анхаарна. Асуудлаа бүрэн дүүрэн хэлэлцэж чадвал богино хугацаанд бид өндөр боловсролтой улс орон болох боломж байна. Монгол Улс дэлхийн эдийн засгийн түүхэнд онцгой боломж, бололцоотой орон.
-Хуваарилалтад хэрхэн анхаарах бол? Нийгмийн халамж үр дүн багатай гэж байсан.
-Баялаг өөрөө бий болсон. Үүнийг яам зөв хуваарилах вэ гэдгээ шийдэхийн тулд хэнээс ч хамаарахгүй хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх нь чухал. Төсвийн тогтвортой байдлын хуулиар орлогыг тэнцвэржүүлсэн бол нийт гэж хоёр хувааж байна. Зэсийн үнийг тусдаа үнээр аваад тэнцвэржүүлнэ. Зэсийн үнийг 5285 ам.доллараар тооцсон. Одоо 10 мянга даваад байгаа. Энэ хоорондын зөрүү тогтворжуулалтын санд орж ирэх ёстой. 98. ам.доллараар нүүрсний үнийг тооцсон. Одоо 128 орчим ам.доллар байгаа. Үүний зөрүү бас тогтворжуулалтын санд орно. Бид тогтворжуулалтын санд 181.3 тэрбум төгрөг болно. Энэ нь манай төсвийн гуравны нэг хэсэг хэмжээний мөнгө. УИХ-ын сонгуульд оролцохдоо нийгмийн халамжийн амлагаа сүүлийн гурван жилийн төсвийн 50 хувиас хэтрэхгүй, Ерөнхийлөгч болон орон нутгийн сонгуульд оролцохдоо нийгмийн халамжийн амлагаа өгөхгүй байхаар оруулсан.
Өр, төсвийн алдагдал, орлого, зарлагын хязгаарлалтуудыг шинэчлэх зорилт байгаа. Монголд маш том баялгийн эх үүсвэр тогтворжуулалт, хүний хөгжлийн сан дээр үүснэ. Энэ нь 2013 оноос эхлээд маш хүчтэй яригдана. 2011. 2012 онд Засгийн газрын амлагааны 500 мянгыг нь бэлэн мөнгөөр нэг сая төгрөгийг нь бэлэн бусаар олгохоор хуульчилсан. Бэлэн мөнгө олгох тохиолдолд инфляци яригддаг. Үүнд дээр Засгийн газар тодорхой арга хэмжээ авдаг. Өнгөрсөн онд иргэдэд бэлэн мөнгө олгох үед инфляцийн өсөлт нэг оронтой тооноос даваад 20 хүрсэн байсан. Засгийн газар үүнд маш шуурхай арга хэмжээ аваад 10 хувьд хүргэж байсан. Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас өгч байгаа зөвлөгөөг бид хүлээн авч байгаа.
-Зээлийн хүүг бууруулж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох боломжтой гэж та хэлж байсан. ЖДҮ эрхлэгчдэд бага хүүтэй зээл олгох боломж хэр байна вэ?
-Зээл олголтын хувьд хүү бага байгаа. Зээл авах бололцоотой хүмүүсийн хувьд зээлэндээ баталгаа гаргах тал дээр хүндрэл гардаг. Тийм учраас энэ жил ЖДҮ-ийн зээлийн баталгаа гэсэн хууль гаргахаар ярьж байна. Үүн дээр онцгой анхаарч ажиллана.