УИХ-ын дэд дарга Л.Цог болон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, З.Баянсэлэнгэ, Д.Ганбат, Ц.Оюунбаатар нар хэвлэлийн бага хурал хийлээ.
2013.09.25

Өршөөлийн хууль бол хэн нэгэнд биш нийтэд зориулсан хууль

УИХ-ын дэд дарга Л.Цог болон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, З.Баянсэлэнгэ, Д.Ганбат, Ц.Оюунбаатар нар хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. УИХ-ын нэр бүхий гишүүд Өршөөлийн тухай хуулийн төслийг өнгөрсөн хавар санаачлан холбогдох бүх байгууллагуудад илгээж, санал авах ажил зохион байгуулсан байна.

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар энэ талаар хэлэхдээ, энэ намрын ээлжит чуулганаар Өршөөлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж  батлуулахаар ажиллаж байна. Хуулийн төслийг боловсруулахад иргэдийн санал хүсэлтийг авч тусгасан. Энэ хуулийн төслийг боловсруулахад улс төрийн нам харгалзахгүйгээр гишүүд хамтран ажилласнаараа онцлог төсөл болж байгааг дурдав.

Өмнө гарч байсан Өршөөлийн хуулийн эерэг болоод сөрөг талыг харгалзан үзсэний үндсэн дээр шинэ төсөлд хохирогчид хохирлоо бүрэн барагдуулах заалтыг оруулсны зэрэгцээ Өршөөлийн хуульд хамрагдаж ялаас чөлөөлөгдсөн хүмүүсийн хүмүүжил, боловсрол, нийгэмшилд анхаарал хандуулж, дахин гэмт хэрэг гаргахгүй байх талаас анхаарч тусгаснаа хэллээ.

Хуулийн төслийг боловсруулахад улс төрийн нам харгалзахгүйгээр гишүүд хамтран ажилласнаараа онцлог.

Мөн УИХ-ын гишүүн Д. Ганбат хэлэхдээ, Өршөөлийн хууль бол хүлээлт дагуулсан хууль. Үндсэн хуульд хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгэм байгуулж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ гэж заасан байдгийг хэлээд, энэ хууль бол хэн нэгэнд бус нийтэд зориулсан хууль юм гэдгийг онцоллоо.

Өршөөлийн тухай хуулийн төслийн бас нэг онцлог нь онц, хүнд гэмт хэрэгтнүүдэд нэгээс хоёр жилийн ялын хөнгөлөлт үзүүлж, тэдгээр хүмүүст итгэл найдвар төрүүлэхийг зорьж байгааг УИХ-ын гишүүн Оюунбаатар нэмж хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.