Сансари ХХК хууль бусаар газар эзэмшихийг санаархаж байна
“Батсүмбэрээ аваръя! Хөдөлгөөн”
2013.11.05

Сансари ХХК хууль бусаар газар эзэмшихийг санаархаж байна

“Батсүмбэрээ аваръя! Хөдөлгөөн”

Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Баянголын аманд чихрийн шижин өвчнийг эмчлэх ховор шинжтэй Сахарын рашаан бүхий Түшээ гүн хэмээх үзэсгэлэнт сайхан газар бий. Тэнд орших Баянгол амралт буюу хуучнаар Барилгачдын амралтын барилгыг 2005 онд хувьчилсан байдаг. Мөн тус амралтын газрын орчмын талбай буюу Батсүмбэр сумын Сөгнөгөр, Баянголын ам орчмын 17480 га талбайг сумын ИТХ-ын 2009 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 06 тоот тогтоолоор тусгай хамгаалалтад авсан.

Байгаль дэлхийгээ хайрлая

Гэтэл Баянгол амралтын газрын барилгыг эзэмшигч Сансари ХХК нь 2012 онд Баянгол амны 400 га орчим газрыг шунахай сэдлээр, хууль бусаар эзэмшилдээ авах зорилгоор хайс хашаа барьж иргэдийн малын бэлчээр, хадлангийн талбай, нутгийн иргэдийн шүтээн болсон тахилгатай уул, рашаан ус зэргийг хашиж орон нутгийн иргэдийн амьдрах нөхцлийг хязгаарлаж, иргэдийг газар нутгаас нь хөөж эхэлжээ. Тус компанид газар олгосон тухай ямар ч хууль эрх зүйн акт байдаггүй бөгөөд элдэв замаар газрыг хувьдаа эзэмших янз бүрийн оролдлогыг сумын Засаг даргын захирамжаар 2013 онд таслан зогсоосон байна.

Орон нутгийн иргэдийн мэдээллийн дагуу Гринпис Монгол ТББ тус сумын нутагт ажиллахдаа Сансари ХХК 400 га талбайг эзэмших ямар ч зөвшөөрөлгүйгээр шунахай сэдлээр эзэмших гэж байсан оролдлогыг таслан зогсоож орон нутгийн иргэдийн эрх ашиг болоод байгаль орчныг хамгаалах үүднээс хууль бусаар ойн сан, рашаан усыг хашиж барьсан төмөр хашааг нутгийн иргэдтэй хамтран нураалаа.

Гэтэл хууль бус үйлдлийг нь таслан зогсоосных нь төлөө Сансари ХХК Гринпис Монгол ТББ-аас 128 сая төгрөг нэхэмжилсэн байна.

Гринпис Монгол ТББ
Утас: 70000002