МАН-ын дарга М.Энхболд, Улс төрийн намуудын дарга нартай Үндэсний зөвшилцлийн асуудлаар нээлттэй уулзалт хийлээ.
2013.11.13

Намуудын дарга нар санамж бичиг байгуулжээ

МАН-ын дарга М.Энхболд санаачлан Монголын улс төрийн намуудын дарга нарыг Улаанбаатар зочид буудалд хүлээн авч, Үндэсний зөвшилцлийн асуудлаар нээлттэй уулзалт, ярилцлага хийлээ.

Уулзалтаар Монголын улс төр, эдийн засагт болж буй үйл явдлыг дүгнэн хэлэлцэж цаашид хэрхэн хамтран ажиллах, зөв шийдэлд хүрэх талаар харилцан ярилцсан байна.

Уулзалтын үеэр

Монгол Ардын Намын зүгээс үндэсний хэмжээний чухаласуудлуудыг шийдвэрлэхэд зөвшилцдөг, үндэсний зөвшилцлийн соёлыг бий болгохыг улс төрийн нам эвслүүдэд уриалж байгаа гэнэ.

Энэхүү нээлттэй уулзалтаар намууд Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо бататган, баялгийн хуваарилалтыг Монголын ард түмэнд тэгш, шударга хүртээх,

тогтвортой хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллах, улс орны нийтлэг эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж, үндэсний зөвшилцлийн тогтвортой бүтцийг бий болгоход харилцан ойлголцож хамтран ажиллахаа илэрхийллээ.

Харилцан ойлголцлын санамж бичиг

Монгол Улсын Улс төрийн намуудын дарга нар бид улс эх орныхоо нийтлэг эрх ашгийг үндэс болгон ард түмнийхээ өмнө тулгамдаж буй асуудлаар байр суурь, үзэл бодлоо харилцан ойлголцож нэгтгэн нийгмийн зөвшилцлийг бий болгон Монгол Улсынхаа цаашдын хөгжлийг түргэтгэхэд хувь нэмрээ оруулан идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж дараах асуудлаар санал нэгдэн энэхүү санамж бичгийг байгуулж байна.

Уулзалтад оролцсон намуудын дарга нар санамж бичиг байгуулжээ.

Нэг. Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо бататган баялгийн хуваарилалтыг монголын ард түмэнд тэгш, шударга хүртээх,  тогтвортой хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллана.

Хоёр. Улс төрийн намууд болон сонгогч  олон түмэнд эргэлзээ үүсгэхээргүй сонгуулийн шударга, ил тод, нээлттэй тогтолцоог бүрдүүлж, эрх мэдлийн тэнцвэр бүхий харилцан хяналттай төрийн тогтолцооны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хүчээ нэгтгэнэ. 

Гурав. Улс орны нийтлэг эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж, энэхүү санамж бичигт дурдсан асуудлыг дэмжиж  үндэсний зөвшилцлийн тогтвортой бүтцийг бий болгон харилцан ойлголцож ажиллахаа илэрхийлж байна.