Монгол улс хүүхдийн эрхийн илтгэлээ дараа жил өгнө
Засгийн газрын хуралдаанаар Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн хэрэгжилтийн талаарх үндэсний ээлжит тайлан илтгэл боловсруулах ажлыг дэмжлээ.
Тус хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцэн, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд: НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн хэрэгжилтийн талаарх үндэсний ээлжит тайлан боловсруулах тухай асуудлыг хэлэлцээд дэмжин, үндэсний тайлан боловсруулсан тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.
Хүүхдийн эрхийн тухай Конвенцийг /ХЭК/ НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1989 оны 11 дүгээр сарын 20-нд баталснаас хойш 193 орон нэгдэн орсон бөгөөд хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн олон улс орон баталсан хүний эрхийн хэлэлцээр болсон.
Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэм хэмжээ, заалтуудыг дэлхийн олон улс орны засгийн газрууд, төрийн бус байгууллагууд, хүний эрхийн зүтгэлтнүүд, хуульчид, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, боловсрол ба хүүхдийн хөгжлийн мэргэжилтнүүд, шашны зүтгэлтнүүд хамтран 10 гаруй жилийн хугацаанд хэлэлцэн зөвлөлдөж боловсруулсан байдаг. Энэ үйл явцын үр дүнд хүүхдийн хамгаалал, зохистой хөгжилд үзүүлэх соёл, уламжлалын нөлөөг харгалзан үзсэн нийтээр хүлээн зөвшөөрсөн баримт бичиг боловсруулагдсан. Тус Конвенци нь олон улсын эрх зүйн гол тогтолцоонуудын үндсэн зарчмуудыг тусгаснаас гадна хөгжиж буй орнуудын онцгой хэрэгцээ шаардлагыг ч харгалзан үзсэн байдаг.
Монгол улс 1990 онд ХЭК-д нэгдэн орсон. Нэгдэн орсоноосоо хойш гишүүн улс 2 жилийн дараа хэрэгжилтийн анхны тайлангаа явуулж, 5 жил тутамд үндэсний тайлангаа явуулах НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны заавартай байдаг. Монгол улс 1995 онд ХЭК-ийн хэрэгжилтийн анхны тайланг Хүүхдийн эрхийн хороонд явуулсан бөгөөд 1996 онд Хүүхдийн эрхийн хорооноос анхны зөвлөмж ирсэн байна. Монгол улс тав дахь тайлан илтгэлээ 2014 оны 10 дугаар сарын 20 өдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд өргөн барих үүрэгтэй. Дараагийн тайлан илтгэл нь 120 хуудсаас (CRC/C/118, 2002) илүүгүй байх ёстой бөгөөд Хүүхдийн Эрхийн Конвенцийн нэмэлт протоколуудын хэрэгжилтийн талаарх мэдээллийг ч хамт багтаасан байна.