2013.11.27

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Гадаад харилцааны сайд Л.Болд, Монголын Энх тайван, найрамдлын байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав нар 11 дүгээр сарын 26-нд ГХЯ-нд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичиг байгуулснаар Гадаад харилцааны яам, Энх тайван, найрамдлын байгууллага хамтран хөрш болон бусад орнуудад Монгол Улсын талаар бодитой мэдээлэл түгээж, зөв ойлголт төлөвшүүлэх хийгээд гадаад оршин суугаа иргэдийнхээ үүсгэл санаачилгыг дэмжих, гадаад харилцаанд “ардын дипломат”-ын үүрэг оролцоог нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болж байна.

Гадаад харилцаа, гадаад бодлогыг хэрэгжүүлнэ гэдэг зөвхөн Гадаад харилцааны яамны ажил биш.

Монгол Улсын Гадаад харилцаа, гадаад бодлогыг хэрэгжүүлнэ гэдэг зөвхөн Гадаад харилцааны яамны ажил биш. Дэлхий нийтийн хөгжлийн хэмнэлтэй хамт явъя гэвэл төр иргэнтэйгээ хамтран ажиллаж, харилцан дэмжиж, хөл нийлэн алхах зайлшгүй шаардлагатай юм.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэрэг олон баримт бичигт энэ тухай заасныг Гадаад харилцааны сайд Л.Болд хэлсэн үгэндээ онцлоод баримт бичигт заах нэг хэрэг, харин үүнийг ажил болгох нь илүү чухал, иймээс ГХЯ нь иргэдэд нээлттэй, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Энх тайван, найрамдлын байгууллага нь 1958 онд байгуулагдсан, “хоёр дахь гадаад яам” нэртэй байсан бөгөөд улс орны гадаад харилцааг тэлэхэд зохих хувь нэмэр оруулж ирсэнд сайд Л.Болд талархал илэрхийлээд ирэх онд тэмдэглэх 55 жилийнх нь ойн арга хэмжээнд амжилт хүслээ.