Н.Алтанхуяг: Нээлттэй, ухаалаг төрийн үйлчилгээ иргэн бүрт хүрнэ
Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Алтанхуяг
2013.11.29

Н.Алтанхуяг: Нээлттэй, ухаалаг төрийн үйлчилгээ иргэн бүрт хүрнэ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Нээлттэй, ухаалаг төр лүү” хийгдэж байгаа зарим ажлын талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ.

Төрийн түгжрэлгүй үйлчилгээг бий болгох, хээл хахуул, авлига, хүнд суртлыг устгах нь Шинэчлэлийн Засгийн газрын гол зорилтын нэг. Энэ хүрээнд Засгийн газрын “Нээлттэй ухаалаг төр лүү” хийж байгаа зарим ажлын талаар Ерөнхий сайд танилцууллаа.

Төрийн түгжрэлгүй үйлчилгээ гэдэг бол иргэд шаардлагатай мэдээллээ чирэгдэлгүй авах явдал. Яам, агентлагууд мэдээллээ солилцдог, тэр мэдээллийг иргэд авдаг байх нь чухал. Үүний тулд төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, хөдөлгөөнт холбооны сүлжээ, төлбөр тооцооны дэд бүтцийг бий болгохоор ажиллаж байна.

hfh

Засгийн газар, яам, агентлаг, аймаг, хот сум дүүргүүд бүгд тус тусдаа мэдээллийн сайттай байсан. Эдгээрийг www.zasag.mn сайтад нэгтгэсэн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсөв, төлөвлөгөөг эндээс авч болно.

Иргэдээ сонсох, тэдний саналыг хүлээж авах “11 11” төв байгуулсан энэ нэг жилийн хугацаанд 68 мянган иргэн хандаж, тэдний санал хүсэлт шүүмжлэлийг 10 сувгаар хүлээж авч байна.

 “Шинэчилж шийдье-222” нээлттэй уулзалт хэлэлцүүлгийг сар бүр зохион байгуулж, тогтмолжууллаа. Аймгийн удирдлагуудтай, яам агентлагийнхантай  сар бүр цахим хурал хийж байгаа нь зардал, цаг хугацаа хэмнэж байна. Элчин сайд нартай ийм цахим хурлыг хоёр удаа зохион байгуулсан гэлээ.

Төрийн үйлчилгээний цахим машины үйлчилгээг өнгөрсөн 6 дугаар сараас нэвтрүүлсэн. Энэ хугацаанд эдгээр машинаас 54 мянган иргэн үйлчилгээ авсан байна. Орон нутагт 25 ТҮЦ машин суурилуулаад байна. Үйлчилгээг нэвтрүүлсэн энэ хугацаанд тэрбум орчим төгрөгийн хэмнэлт гарсан тооцоо хийжээ. Мөн Ерөнхий сайд дата солилцооны төв, шуудан хүргэлт, цахим үнэмлэхний хэрэглээ, замын цагдаагийн бэлэн бус торгууль, сумын интернэт үйлчилгээний талаар танилцууллаа.

Мөн эрүүл мэндийн цахим үйлчилгээ, нэгдсэн төлбөр тооцооны систем, замын ухаалаг төлбөр хураагч, ухаалаг шуудангийн хайрцаг, шилэн данс, төрийн мэдээллийн нэгдсэн бүтэц зэрэг хийхээр төлөвлөж эхлүүлээд байгаа ажлуудын талаар мэдээлэл хийж, нээлттэй, ухаалаг төрийн үйлчилгээ ойрын ирээдүйд иргэн бүрт хүрнэ гэж Ерөнхий сайд хэллээ