Үндэсний Статистикийн Хороо
2013.12.11

Жилийн дотор өрхийн зарлага орлогоосоо хоёр дахин өсжээ

Үндэсний Статистикийн Хороо сар бүр Монгол улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг түүвэр судалгаагаар мэдээлдэг. Өнөөдөр Үндэсний Статистикийн Хороо энэ оны 11 сард ээлжит мэдээллээ гаргалаа. Үзэгчдэд илүү хамаатай мэдээллийг тоймлон хүргэе.

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 868 000 төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 111 500 төгрөгөөр буюу 15 хувиар нэмэгджээ. Харин нэг өрхийн сарын дундаж зарлага 836 000 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 177 000 төгрөг буюу 27 хувиар өсжээ. Үүнээс харахад зарлага нь орлогоо давж байна.

Үндэсний Статистикийн Хороо: Цалин хөлс нэмэгдсэн нь өрхийн орлого өсөхөд нөлөөлсөн юм. Харин зарлагын өсөлт нь нэг өрхийн хүнсний бус зарлага 39 хувиар нэмэгдсэнтэй холбоотой.

Өрхийн зарлага орлогоосоо ганцхан жилийн дотор хоёр дахин өссөн нь зүй ёсоор анхаарал татаж байна. Өнгөрсөн онд инфляци хоёр оронтой тоонд байж, улс төрийн сонгуулийн үеэр эдийн засаг багагүй халсан билээ. Оны өмнөхөн инфляци 13-14 хувьтай байлаа. Монгол Банк эдийн засагт 3,4 их наяд төгрөг оруулж, үнийн өсөлтөд чиглэсэн арга хэмжээ авснаар инфляци нэг оронтой тоо руу шилжсэн билээ. Харин энэ оны 10 сард буцаад 12 хувьтай боллоо.

Орлого зарлагын зөрүүгээс хоёр дүгнэлт хийж болох юм. Нэгдүгээрт, өрхийн гишүүдийн тансаг хэрэглээ нэмэгдсэн гэж үзэж болно. Хоёрдугаарт, инфляци нэг оронтой тоонд байсан гэдэг нь худал гэж дүгнэхээс өөр аргагүй. Учир нь бодит амьдрал дээр бараа бүтээгдэхүүний үнэ ханш, хэрэглээний өртөг өмнөх оныхоос их хэмжээгээр нэмэгдсэн билээ.

Үндэсний Статистикийн Хорооноос:

Инфляцийн өсөлтөд юу нөлөөлсөн тухай хэдэн зүйлийг хэлье. Нэгдүгээрт, энэ жил бараа бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр байлаа. Ер нь үнийн өсөлт зарим хүнсний бүтээгдэхүүн, импортын барааны үнийн өсөлттэй холбоотой.

Инфляцийн өсөлтийг хугацааны хувьд хоёр хувааж болно. Эхний 6 сарын тухайд бол махны үнийн өсөлт инфляцид 70 хувийн нөлөөлөл үзүүлжээ. Харин хоёрдугаар хагас жилд импортын барааны үнийн өсөлт инфляцид 80 хувьтай нөлөөлжээ. Учир нь нэг өрхийн хэрэглээний зардлын 36 орчим хувийг  импортын барааны худалдан авалт эзэлдэг. Гэхдээ импортын бараа нь зах зээлд нийлүүлж байгаа барааны талаас илүү хувь байдаг.

Баялгийн тэгш бус хуваарилалтаас болж монгол улсын нийт баялгийн 90 хувь хүн амын ердөө нэг хувьд оногддог гэж судлаачид ярьдаг. Баялгийн хуваарилалтыг G1 коэффицентоор хэмждэг. Энэ коэффицент нэг рүү дөхөж очсон байвал баян ядуугийн ялгаа их байна гэсэн үг. Харин Статистикийн Хороо 0,33 хувь байна гэсэн тооцоог гаргажээ.

Үндэсний Статистикийн Хороо: Хүн амыг 20 хувиар, хэрэглээнийх нь түвшнээр таван хэсэгт хувааж энэ үзүүлэлтийг гаргадаг. Хамгийн доод түвшний 20 хувийн хүн амын хэрэглээ нийт хэрэглээний 7 хувийг эзэлж байхад, хамгийн дээд түвшний 20 хувийн хэрэглээ нийт хэрэглээний 42 хувийг эзэлж байна. Энэ хоёр түвшний харьцааны ялгаа 5,3 хувьтай байна.

Инфляцид нөлөөлдөг М2 буюу хадгаламжинд байгаа мөнгө, хүмүүсийн гар дээр гүйлгээнд байгаа мөнгөний нийлүүлэлт 2013 оны 11 сарын эцсийн байдлаар есөн их наяд 100 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 393 төгрөгөөр буюу 4,5 хувиар, харин өмнөх оны мөн үеэс хоёр их наяд төгрөгөөр нэмэгдэж 30 хувиар өссөн үзүүлэлттэй байна.