Ерөнхийлөгч хүчирхийлэлтэй тэмцэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.12.19

Ерөнхийлөгч хүчирхийлэлтэй тэмцэнэ

Сүүлийн үед охид эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх, тэр дундаа гадаадад амь насаа алдах тохиолдол ч бүртгэгдсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ баасан гаригт 11.00 цагт Төрийн ордны Иргэний танхимд байр сууриа илэрхийлэх юм байна. Тэрээр өөрийн цахим хуудастаа энэ талаар бичсэн бөгөөд энэ тухай зохион албан тушаалтан, хүмүүст санаа оноогоо хэлж, тодорхой ажил хийхийг хичнээн удаа шаардсан ч байдал дээрдэхгүй  бас өөрчлөгдөхгүй байна. Тиймээс тодорхой үйлдэл хийх, шийдвэр гаргах, гүйцэтгэл шийдвэрт нь онцгой анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа гэжээ.

Мөн тэрээр охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг өөрийн санал бодлоо, фэйсбүүк хуудастаа илэрхийлсэн байна. Тодруулбал, “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлд Монгол Улс “ҮГҮЙ”, “БОЛЬ”, “ЗОГС” гэж хэлэх цаг болжээ. Энэ асуудлаар төр засаг, хууль шүүхийн байгуулага, олон нийт иргэд идэвхитэй, үр нөлөөтэй, тууштай, шат дараатай ажиллах хэрэгтэй байна.

Аав хүний хувьд би охидынхоо амьдралд чин үнэнээсээ санаа зовдог.

Энэ ажлыг Ерөнхийлөгчийн хувьд манлайлж, санаачилж, шахаж ажиллахыгаа би үүргээ гэж үзнэ. Манай эрчүүд аавын, ахын, дүүгийн, хүүгийн хувьд надтай “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь, хүний наймаа нь байж болохгүй зүйл, орчин цагийн боолчлол, гэмт үйлдэл” гэдэгтэй санал нэгдэнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Охин хүүхэдтэй аав хүний хувьд би охидынхоо амьдралд чин үнэнээсээ санаа зовдог.

Яана даа, охидоо ардаа нуух уу, урдаа нуух уу, юу хийвэл охидоо хүчирхийлэлээс хол байлгаж болох вэ гэж бодох үе надад гардаг. Муу юм сонсогдох вий гэж айдаг. Надтай ижил санаа нь зовдог аавууд, ээжүүд, хүмүүс олон байгаа байх. Охид эмэгтэйчүүдийн эсрэг энэ аюулаас сэргийлэхэд “Та туслаач”, “юм хийгээч”, “Та чаднаа” гэсэн захиа хүсэлтүүд надад олноороо ирдэг. Тиймээс энэ баасан гаригт өөрийн байр сууриа илэрхийлнэ. Бид хамтраад тэмцэхэд үр дүнд хүрч, бид чадна, би эргэлзэхгүй байна” гэжээ.