Хан-Уул жишиг дүүрэг болно
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал болж 2013 онд хийсэн ажлаа дүгнэж, 2014 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө, төсвөө баталлаа. Хурлыг Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Батхуяг, ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Батбилэг болон ажлын албаны дарга Б.Бас-Оргил нар даргалан явуулав. Хурал бүтэн өдөр үргэлжилж, бүх албад, хэлтсүүд өнгөрсөн онд хийсэн ажил, ирэх жилд хэрэгжүүлэх зорилтуудаа танилцууллаа.
Тус дүүрэг 2013 оны нийгэм, эдийн засгийн зорилтоо 92 хувьтай биелүүлж, хотын хэмжээнд хамгийн их хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдсэн дүүргээр шалгарлаа гэж дүүргийн захиргааны гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Хан-Уул дүүргийн төсвийн орлого 35 тэрбумд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 105.9 хувиар давсан биелэлттэй. Харин зарлага 30 тэрбум төгрөг болж, төлөвлөснөөс 13 хувиар буюу дөрвөн тэрбум гаруй төгрөгөөр хэмнэсэн гэсэн тооцоог дүүргийн статистикийн хэлтэс гаргажээ. Тиймээс дүүргийн захиргаанаас өмнөө тавьсан зорилтуудаа хуулийн хүрээнд амжилттай хэрэгжүүллээ.
Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг болон ажлын албаны дарга Б.Бас-Оргил
Тэдний амжилт зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхээр хязгаарлагдахгүй гэдэг нь хурлын явцад тавигдсан бүтээн байгуулалтын ажлын тухай илтгэлүүдээс тодорхой байлаа. Хан-Уул дүүрэг нь “Шууд ардчилал, иргэдийн оролцоо” зарчмыг хэрэгжүүлснээр иргэд дүүрэгт хийгдэж буй аливаа бүтээн байгуулалтын ажлын явц, төсвийн захиран зарцуулалт зэргийг шууд хянах болон төслийн гүйцэтгэлд биечлэн оролцох боломжтой болжээ.
Хан-Уул дүүрэгт хувиарласан үндсэн төсвөөс гадна орон нутгийн хөгжлийн сангийн 1,5 тэрбум хөрөнгөөр тус дүүргийн иргэд өөрсдөө санаачлан нөхөрлөл байгуулж, таван төрлийн бүтээн байгуулалтын ажлыг амжилттай гүйцэтгэсэн нь бусад дүүргүүдээс шалгарч Ерөнхийлөгчийн сайшаалыг хүртсэн байна. Иргэдийн хийж гүйцэтгэсэн ажлаас дурьдвал есдүгээр хорооны арын голын эргийг хашаажуулж, тохижуулах ажлыг “Экологийн зуун оюу” иргэдийн бүлэг хийсэн байна. 2014 онд тус газарт хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар хийж соёл амралтын хүрээлэн болгохоор төлөвлөөд ажиллаж байна.
Түүнчлэн 14 дүгээр хорооны Өлзийтийн дэнжийн хойд хэсэгт байрлах рашаан булгийг хашаажуулж, цэцэрлэгжүүлэх ажлыг “Бүтээлч иргэдийн бүлэг” хийж хүлээлгэж өгчээ. Түүнээс гадна 12 дугаар хорооны Цагаан эргийн модон гүүрийг “Чадавхи” иргэдийн бүлэг засварласан нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн үр дүнтэй ажил боллоо гэж дүүргийн удирдлага дүгнэлээ.
Үүнтэй холбогдуулан дүүргийн захиргааны өнгөрсөн онд иргэдтэйгээ хэрхэн ажилласан талаар тодруулахаар ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Бас-Оргилтой хурлын завсарлагаар уулзлаа.
- Дүүргийн оршин суугчдыг бүтээн байгуулалтын ажилд хэрхэн оролцуулж байна вэ?
Ер нь иргэд дүүрэгт ямар асуудал тулгарав, чухам юу хэрэгтэй гэдгийг сайн мэдэж байдаг учраас дээш нь уламжилдаг ч санал болгосон ажлууд тэр болгон хэрэгждэггүй талтай. Тиймээс хороодын хүн амын нягтаршлыг судалсны үндсэн дээр хороо болгонд 100-аас доошгүй сая төгрөгийг зарцуулах эрхийг олгосон юм. Ингэхдээ өрхийн төлөөллүүд цуглан хороонд чухам юу хэрэгтэй байна вэ гэдгээ ярилцаж шийднэ.
Энэ нь машины зогсоол, тоглоомын талбай, ногоон байгууламж гэх зэргээр юу ч байж болно. Энэ маягаар иргэдэд мөнгөний зарцуулалтыг хянах, гүйцэтгэлийн ажилд оролцох боломжийг олгож байгаа юм. Түүнчлэн 20 саяас дээшгүй өртөгтэй ажил байвал 5-10 хүн нийлэн нөхөрлөл байгуулаад тус ажлыг хариуцан авч болно. Энэ зарчмаар бид нэг жил ажиллахаад багагүй амжилтад хүрлээ.
- Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй томоохон бүтээн байгуулалтын ажилд танай дүүрэг хэрхэн оролцож байна вэ?
Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд дахин төлөвлөлтийн ажил хийгдэхээр болсон. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Орон сууцны корпораци” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн захиргааны зүгээс “Хашаа бүрт хаус” гэсэн зорилтыг дэвшүүлээд ажиллаж байна. Энэ маягаараа ажиллавал 4-5 жилийн дараа гэхэд манай дүүрэг утаагүй, жишиг дүүрэг болно.
- Иргэдийг мэдээлэлжүүлэх, орчин үеийн технологийг ашиглан төрийн байгууллагын үйлчилгээг хялбарчлах ажлыг ямар түвшинд хийж байна вэ?
Төрийн байгууллага нь дарга нарын хүнд суртал гаргадаг газар биш, харин иргэдийн төлөө ажилладаг үйлчилгээний газар байх ёстой гэсэн зарчим баримталдаг. Түүнийхээ дагуу ч иргэний оролцоо, шууд ардчиллыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Удахгүй захиргаанд угтах үйлчилгээг бий болгоно. Түүнчлэн манай вэб сайт руу иргэд ороод хүссэн үйлчилгээ, мэдээллээ авч болно. Тухайлбал, ямар нэгэн тендер зарлалаа гэхэд бүтээн байгуулалтын ажлын бүх үе шатыг иргэд онлайн хэлбэрээр шууд хянах боломжтой болно хэмээн ярьсан юм.
Ирэх онд 45 тэрбум төгрөгийн төсвийг Хан-Уул дүүргийн эдийн засаг, нийгмийн амьдралд зориулна.
Хурлын үр дүнд Хан-Уул дүүргийн удирдлага ирэх жилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө баталлаа. 2014 оны нийгэм, эдийн засгийн зорилтын төсөлд 5 бүлэг, 52 зорилтын 115 ажил багтааж төсвийг баталсан байна. Нийслэл, дүүргийн дотоод нөөц бололцоогоор цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор шинээр барьж, гэр хорооллын амьдрах орчныг сайжруулах чиглэлээр хөрөнгө оруулалтыг түлхүү оруулахаар тусгажээ.
Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч тус дүүргийнхэн 19 тэрбум төгрөгийн орлогыг татвараас бүрдүүлэхээр төлөвлөж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн 2,6 тэрбум төгрөгийг дүүргийн бүтээн байгуулалтад зориулах юм байна. Төсвийн болон бусад бүтээн байгуулалтын хөрөнгийг хамтад нь авч үзвэл нийтдээ 45 тэрбум төгрөгийн төсвийг Хан-Уул дүүргийн эдийн засаг, нийгмийн амьдралд зориулахаар баталлаа.