Д.Ганхуяг: Боловсруулах үйлдвэр л Монголын хөгжлийн гарц
-Гишүүн маань эх орныхоо хөгжлийн төлөв юу бодож санаагаа чилээж явдаг юм бол. Өнгөрсөн хугацаанд Монголын ард түмний төлөө юу хийж чадсан гэж боддог вэ?
-Би Баянзүрх дүүргээс хоёр удаа УИХ-д сонгогдсон. Намайг ийн улируулан сонгосон сонгогчид Д.Ганхуяг гэдэг хүн төрийн эрх барих байгууллагад байх ёстой, хийсэн юмтай, хэлсэн үгтэй хүн гэж үзсэнийх биз. Гэхдээ надад сонгогчид болон улс орныхоо хөгжлийн төлөө ихийг бүтээх чин хүсэл эрмэлзэл бий. Гэхдээ төрийн эрх барих энэ байгууллагаас гарч байгаа шийдвэр, тэр ажлын үр дүнг багаараа, олонхоороо гаргадаг. Тиймээс миний амжилт гэхээсээ илүү, хамт ажилласан багийн амжилт гэдэг нь ойлгомжтой. Өнгөрсөн 2004-2008 оны хооронд УИХ-д суухдаа нийт 40 орчим ажлын хэсэгт ажилласан. Энэ дотроос 3-ыг нилээд ач холбогдол өндөртөй хууль болсон гэж харж байна. Эхнийх нь Монгол Улсын иргэн бүрт өрхийн зориулалтаар газар хувьчлах асуудал байсан. Газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах нь ихээхэн чухал. Ер нь газар, гол мөрөн, ой модны тухайд хамгаалж байгаа нь гэж хав дарахаас илүү зохистой ашиглах нь хамгийн сайн хамгаалалт гэсэн бодлого руу явах нь зүйтэй байна. Энэ хуулийн төслийг хэлэлцэх үед парламентад МАХН олонхи байсан. Тэгэхэд МАХН-ын бүлгийнхэнтэй сайн хамтарч ажилласны дүнд олон жил ярьсан ч шийдэгдээгүй энэ асуудал шийдвэрлэгдсэн. Ингэсний үр дүнд өнөөдөр хороо, сум, аймаг, нийслэл, дүүрэг гээд бүх газарт газар өмчлөлт явагдаж байна. Дээрх
хуулиар иргэдэд олгосон 0.07 га дэд бүтэцтэй гэр хороололд 30-40 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Иргэд маань ийм хэмжээний хөрөнгөтэй болжээ. Тиймээс энэ зөв шийдвэр байжээ гэж хэлэх байна.
-Дараагийнх нь юу вэ?
-Жижиг, дунд үйлдвэрлэлийнтухай хуулийг зүтгүүлсээр байж 2007 онд батлуулсан. Энэ хуулин дээр Азийн хөгжилтэй орнуудын мэргэжилтнүүдтэй хамтарч ажилласан. Тухайн үед энэ талаар янз бүрээр ярьж байлаа. Тэгсэн өнөөдөр жижиг, дунд үйлдвэрлэлийн талаар маш олон хүмүүс ярьдаг болжээ. Энэ сайн хэрэг. Дараагийн шатанд энэ ЖДҮ-ийн санхүүжилт, сан, зээлийн баталгаа, барьцаалах хөрөнгөгүй хүмүүсийн асуулдыг яах вэ гээд олон асуудлыг шийдэх ёстой. Ер нь ЖДҮ гээд яриад байгаа нь дундаж орлоготон иргэд зонхилсон нийгмийг цогцлоох зорилт юм. Нөгөө талаас баян хоосны ялгааг ихэсгэхгүй байх бодлого үүн дээр гарч ирдэг. Энэ нь хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийг бэлэн мөнгөөр халамжилна гэсэн үг биш. Ажиллах болмжийг олноор бий болгох бодлого. Нэг жишээ татахад, Солонгосын "Хюнда" корпорацийн нэг машин бараг 60 мянган сэлбэгээс бүтдэг. Тэгээд энэ машины агергатаас бусад эд ангийг ЖДҮ эрхлэгч үйлдвэрлэдэг юм. Энэ нийгэмд ингэж бүтээлчээр хамтарч амьдардаг нийгэм. Үүнтэй адилхан олон ЖДҮ, бичил бизнес эрхлэгчдийг төрүүлэх салбар бий. Энэ нь импортыг орлох экспортыг нэмэгдүүлэх Хүнс, хөнгөн үйлдвэр, аялал жуулчин, хүнд үйлдвэр гэж хэлж болно. Ашигт малтмалын олборлох салбарт тийм олон ажлын байр бий болдоггүй ээ. Энд олон зуун мянган долларын үнэтэй машин, төхөөрөмжүүдийг ашигладаг. Тиймээс Голланд өвчинд автахгүйн тулд буюу ашигт малтмалын салбараас олсон орлогыг олон хүнийг ажилтай болгох, байнга байх дээрх салбаруудад хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Тухайлбал, Шинэ Зеландын сүү, сүүн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн 25 орчим хувийг барьдаг Fonterra гэдэг хувьцаат компани. Энэ компанийн хувьцаа эзэмшигчдэд нь энэ орны фермерийн аж ахуйнуудын 80 орчим хувьтай тэнцэх 11 мянга орчим хоршоологчид байна. Манай улсын тухайд ч ноолуур, ноос, мах, сүү, аялал жуулчлалын салбарт энэ жишгээр ажиллах бүрэн боломж бий. Энэ хоршоологчид дотооддоо сайн өрсөлддөг боловч гадны зах зээлд нэг цонхоор нэгдсэн бодлоготой гардагт гол асуудлын зангилаа нь байна. Өнөөдөр манай улс импортын орон болчихоод байна л даа. Ер нь тунгалаг төр, чинээлэг иргэний нийгэм гэдэг нь миний гол үзэл баримтлал. Төр засгийн үйл ажиллагаа ил тод байх ёстой. Мөн баялагийн хуваарилалт, дахин хуваарилалтын бодлогыг оновчтой явуулсан, энд тавих иргэдийн хяналт, тайлагналт сайтай орон хөгжиж байна. Хэрэггүй зүйлд төрийн оролцоо хийгээд хүнд суртал их байна. Хэрэггүй зүйлд төр их оролцох тусам, төрөөс хамааралтай хүний тоо нэмэгддэг. Ийм орон тусмаа сул хөгжилтэй байна. Өнөөдөр манайд ажил эрхэлж байгаа хүмүүс ч г цалингаас цалингийн хооронд амьдарч цалингийн орлого нь амьжиргаанд хүрэхгүй байна. Тиймээс хажуугийн орлого чухал. Энэ нь стратегийн ордуудын орлогоос цэвэр ашгийн 40-50 орчим хувь нь татвараар төрд орохоор байгаа. Тэгвэл татвар төлсний дараахь төрийн ашгийг нь хувьцаагаар дамжуулаад бүх иргэддээ олгох бодлогыг яаралтай хэрэгжүүлмээр байна. Энэ бол баялаг бүтээсний дараа хуваарилаж байгаа учраас бэлэн мөнгөнөөс өөр бодлого.
-Та өөрөө бизнесийн хүн. Энэ салбараас улс төрд орж ирсэн гишүүдийг олигархи энэ тэр гээд л их шүүмжилдэг. Бизнес, төр хоёрыг хослуулах нь хэр тохиромжтой зүйл вэ?
-Би бизнесийн салбарт ажиллаж байсан л даа. Энэ салбарын хүмүүс улс төрд их орж ирлээ. УИХ-ын гишүүдийн ихэнх нь компанийн захирал боллоо, төр олигархижлаа гэж ярьдаг. Өнөөдөр дэлхий дахин даяарчлагдаж байна.
Үүнийг дагаад улс орны гадаад харилцаанд эдийн засаг, бизнесийн салбар зонхилох байр суурийг эзлэх боллоо. Ингээд бизнес, бараа үйлчилгээ, мөнгөний урсгалд хил хязгаар гэж үгүй боллоо. Ийм байдлаар дэлхий даяар гадаад харилцаа эдийн засагжиж байна. Тиймээс энэ салбартай холбоотой хуулийг боловсруулахад дээрх салбарт ажилласан туршлагатай мэргэжилтэй хүмүүс төрд нилээд сонгогдож байх шиг байна. Ер нь хөгжилтэй орны парламентийн гишүүдэд анализ хийгээд үзвэл, 40-50 хувь нь бизнесийнхэн байна. Үлдсэн хэсэгт нь эрдэмтэн судлаачид болон төрд ажиллаж байгаад гарч ирсэн хэсэг байдаг нь ажиглагддаг л даа. Харин тэр олигархи гэдэг бол өөр байх. Олигархи гэж зөвхөн төрд ажиллаж байгаад л гэв гэнэт тэрбумтан болчихдог хүмүүсийг хэлдэг болов уу. Гэтэл олон жил өдөр шөнөгүй зүтгэсэн бизнесийн салбарынхан тэдний хаана ч хүрэхгүй. Энэ шударга ёс уу, үгүй юу.
-Та бизнесийн хүн. Тийм учраас бизнес эрхлэгчдийг дэмжиж, импортын орон болоход бидэнд юу хэрэгтэй вэ?
-Монголын хувьд боловсруулах үйлдвэр хөгжих боломжгүй байдал үүссэн. Жишээн дээр тайлбарлахад, ноолууран цамцыг 200-гаад дамжлагаар үйлдвэрлэдэг. Ийм олон дамжлагаар дамжиж байна гэдэг асар өндөр зардал гарч байна гэсэн үг. Үүнтэй хүнс, хөнгөн үйлдвэрийн бүх салбар адилхан. Ийм өндөр өртөгтэй зүйл үйлдвэрлэхэд өнөөдрийн манай өндөр хүүтэй зээлийн нөхцөлд яавч боломжгүй зүйл. Өнөөдөр Монголын арилжааны банкуудын нэмүү ашгийг бусад орны арилжааны банкуудтай харьцуулахад 2-5 дахин их байгаа. Үүнээс үүдэн Монголд үйлдвэрлэлийн салбар хөгжих боломжгүй байна. Хүн өдөрт 1000 төгрөгийн ажил хийлээ гэхэд 20-30 хувь нь банкны зээлийн хүүд явчихаж байна. Дэлхийн дунджаар үйлдвэрийн жилийн ашиг 5-10 хувьтай байх ёстой. Гэтэл 30 хувийг нь тийшээ татуулчихаар үйлдвэрлэл яаж хөгжих вэ дээ. Үүнийг далд эдийн засгаар л хөгжүүлж болох юм. Хамгийн гол зүйл үүн дээр байна. Үйлдвэрлэлийг л дэмжье гэж ярьдаг. Бодит байдал дээр харагдахгүй байна. Өнөөдөр Хөгжлийн банк байгуулж байх шиг л байна. Банкны зээлийн хүү өндөр байгаа асуудал нь манай арилжааны банкууд анхнаасаа банкныхаа хөрөнгийг бүрдүүлэхдээ өндөр хүүтэй хадгаламж татна гээд түүн дээрээ хөрөнгөө бүрдүүлсэнтэй холбоотой. Гэтэл Монголбанкны бодлогын хүү мөн өндөр. Эрдсэлгүй арилжааны банкууд Монголбанкны арилжааны мөнгөн тэмдэгтийг худалдаж аваад үүнийхээ хүүгээр амьдрах боломжтой болчихож байгаа юм. Энэ бол асар тулгамдсан асуудал гэж хэлэх байна.
-Үүн дээр ямар зохицуулалт хэрэгтэй гэж бодож байна вэ?
-Хөнгөн үйлдвэрийн caлбap. Газар нутаг бол мөнхийн юм. Фермерийн болон газар тариалангийн салбарыг хөгжүүлэх ёстой. Эрүүл мэндийн салбар хөгжих ёстой. Гэтэл өнөөдөр өөх ч биш, мах ч биш байдалтай байна. Тийм учраас боломжтой бүх салбарыг хувийн хэвшилд өгөх ёстой. Төр шаардлагатай хэсгийг нь авч явах хэрэгтэй. Санхүүжилтыг нь дандаа даатгалд нь суурилуулж явуулах хэрэгтэй. Жишээлбэл, эрүүл мэнд, боловсролын салбарт намайг анх сонгогдож байхад буюу 2004 онд 37.4-хөн тэрбум төгрөг зарцуулж байсан. Одоо эрүүл мэндийн салбарт 400-гаад тэрбум төгрөг зарцуулаад байдал дээрдсэнгүй. Тогтолцоо нь буруу байхад цоорхой сав руу ус хийхээр гойждогтой адил болчихоод байна. Яг өнөөдрийн Монголын нийгэмд монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж бага байна. Үүнийг дагаад өрхийн орлого нь зарлагаасаа 20 орчим хувиар доогуур байна Үүнийг яах ёстой вэ гэхээр богино хугацаанд цалин, тэтгэврийг утга учиргүй нэмж болно. Өнөө арав таван төгрөгийг нь нэмж болж байна. Хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүст халамж өгөхөөр эргээд юмны үнэ өснө. Ашигт малтмалаас төрийн эзэмших хувийг ард түмэнд эзэмшүүлье. Одоо ямар ч орд ашигласан цэвэр ашгийн 40-50 хувь нь татвараар төрд орчихож байна. Хувь эзэмшинэ гэдэг татвар авсны дараа авч байгаа ногдол ашиг. Ингэвэл болгоно хугацаанд монголчуудын амьдралд нөлөөлнө. Энэ бол баялаг бүтээсний дараа авч байгаа ногдол ашиг учраас ямар нэгэн асуудал байхгүй гэж бодож байна. Ер нь улсын төсвийн үр дун маш муу байгаа. Үүн дээр орон нутгийн төсөв, санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх хэрэгтэй гээд л олон зүйл ярина л даа. Ер нь харж байхад 1992-1996 он. 1996-2000 онд эдийн засаг, зах зээлийн гол гол хуулиуд батлагдсан юм билээ. Би 2004 онд орж ирээд 324 хууль компьютерт оруулж байгаад гүйлгэж харж байсан юм. Ингэж байгаад дараа нь жижиг жижиг өөрчлөлт хийсэн. Энэ нь ур дүн. муутай харагдсан. Одоо бол зөвлөх авч байгаад эрх зүйн шинэтгэл хийх шаардлагатай байна. Ингэхгүй өнөөдөр бага сага өөрчлөлтөөр, бага сага мэс заслаар цаашаа явахад хэцүү болжээ. Тиймээс их зоригтой шинэчлэлтийг хийх хэрэгтэй байна. Тэр тусмаа энэ парламентын онцлог нь олонхитой хэрнээ хамтарсан Засгийн газар байгуулсан. Энэ онцлогоо ашиглаж, улс төр. эдийн засаг, засаг захиргааны нэгжийн өөрчлөлтийг маш хурдацтай хийх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд, хамтарсан Засгийн газар гэдэг хоёр дахин их ажил хийж, үүнтэй ижил хэмжээний хариуцлага үүрдэг гэж манай УИХ-ын дарга хэлж байсан.
-Хүмүүс ажлын байр нэмэгдүүлнэ гээд ярихаар соилизмын үед байсан томоохон үйлдвэрүүдийг эргэн ашиглах ёстой гэдэг. Таныхаар энэ хэр зөв санал вэ?
-Гутлын үйлдвэр гэж байсан. Яг энэ үйлдвэрийн технологиор үйлдвэрлэсэн гутлыг хэн авах вэ. Тийм учраас хүний хэрэгцээ хангасан бүтээгдэхүүн байх уу, үгүй юу гэдгийг харж үйлдвэрлэлээ явуулна. Тэгэхээр техник технологиудыг нь ихэнхийг нь ашиглах боломжгүй. Xарин байшинг нь ашиглаж болох юм. Тэрнээс хойш дахиад шилжилтийн үед маг урагшаа явсан. Авсаархан боловсронгуй болсон. Энэ ажлыг хийх боломжтой. Монголчууд маань ардчиллын 20 жилд юм үзэж, нүд тайллаа. Одоо бол хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг аваад явчих Аваад явчих чадвартай болсон. Үүнийг дэмжих санхүүгийн тогтолцоо маш чухал. Дотоодынхоо зах зээлд шударга өрсөлдөх хэрэгтэй. Гадагшаа гарахаараа монголчууд бид нэг шүү гэдгээ санах хэрэгтэй. Тэгэж харах харах тоттолцоог төр бий болгох хэрэгтэй.