МҮЭХ хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагуудтай хамтран ажиллана
2014.01.02

Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо Шинжлэх Ухааны Академитай хамтран ажиллана

Улс орны нийгэм, эдийн засгийн томоохон асуудалд эрдэмтэн судлаачдын оролцоог хангах ёстой гэж Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос үзэж байна. Тиймээс МҮЭХ Шинжлэх Ухааны Академитай хамтран ажиллах гэрээг анх удаа үзэглэлээ.

2014 онд МҮЭХ зохион байгуулах бүх ажлаа эрдэмтдийн саналыг сонсч, саналыг нь тусган хийж байхаар боллоо. Шинжлэх Ухааны Академиас энэ салбарт тулгамдаж буй саад бэрхшээлийг арилгах, эрдэмтдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд МҮЭХ-ны байр суурь, саналыг тусган хамтран ажиллана гэдгийг талууд онцоллоо.

Монголын Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин:

Эдүгээ аль ч орны шинжлэх ухааны байгууллагуудын анхаарал тавьдаг гол зүйл бол эрдэмтдийг нийгэм, эдийн засгийн амьдралд идэвхтэй оролцуулах. Хөгжингүй орнуудын төр засаг эрдэмтдийн судалгаанд үндэслэж шийдвэр гаргадаг.

Эрдэмтдийн цалин хөлс, ажиллах нөхцөл бол зөвхөн шинжлэх ухааны байгууллагын үүрэг бус үйлдвэрчний эвлэлийн байгууллагын анхаарал тавьдаг асуудал юм. Энэ чиглэлд бид хамтарч ажиллах болно. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад судалгааны ажилд нь дэмжлэг үзүүлэх, эрдэмтдийн санаа бодлыг төр засгийн бодлогын зөвлөмжид оруулах зэрэг чухал зүйлсийг санамж бичигтээ бид тусгалаа.

Мөн Монголын Үйлвэрчний Эвлэлийн Холбоо хэрэглэгчдийн эрхийг зөрчиж буй асуудалтай тэмцэх, хүн амын худалдан авах чадварыг үнийн хэт өсөлтөөс хамгаалах зэрэг чиглэлд  Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар болон Хэрэглэгчийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Нэгдсэн Холбоотой хамтран ажиллах гэрээгээ сунгалаа.

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:

Хэрэглэгчдийн бодит худалдан авах чадварыг сайжруулах, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нь хамгаалах, тэдэнд зөв үйлчилгээ, чанартай бараа бүтээгдэхүүнийг санал болгох, тэдний эрхийг хамгаалах, иргэдийн оролцоо, хяналтыг өндөржүүлэх чиглэлэээр дээрх гурван байгууллагатай хамтран ажиллахаар боллоо.

Иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд хамтран ажиллаж, шинээр хэрэгжүүлэх ажлаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохион байгуулах боломж ийнхүү бүрдлээ.