2011.03.15

Л.Болд: НҮБ-аас энхийг сахиулах ажиллагаанд оролцох саналыг дахин хүлээж авлаа

Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой удахгүй тохионо. Ойн хүрээнд ямар арга хэмжээ явуулж байгаа болон бусад асуудлаар Батлан хамгаалахын сайд Л.Болдтой ярилцлаа.

-Зэвсэгт хүчний 90 жилийн ой хэдхэн хоногийн дараа болно. Энэ ойн хүрээнд ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Намрын чуулганаар тэмдэглэлт өдрийн тухай хуулинд өөрчлөлт орж зэвсэгт хүчний салбарын баяр байсныг нийтээр тэмдэглэх Монгол цэргийн өдөр  болгосон. Энэ нь олон талын ач холбогдолтой. Монгол цэргийн олон мянган жилийн түүхийг агуулсан баяр болж байгаа юм.  Нийт ард иргэдээ хамарсан  ажил өрнүүлнэ.  Ирээдүйгээ цэрэг эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.
-Зэвсэгт хүчний салбар 90 жилийн ойгоо ямар  ахиц  дэвшлээр угтаж байна вэ?
-Манай салбар сүүлийн 20-иод жилд ихээхэн  бэрх­шээлтэй үе шатыг давсан. Зэвсэгт хүчинд хандах ханд­лага, санхүүжүүлэх тал дээр бэрхшээл нэлээн байсан. Ялангуяа  сүүлийн хэдэн жилд батлан хамгаалах салбар олон талт үүрэг гүйцэтгэх чадвараа дээшлүүлэх арга хэмжээ авснаар ойнхоо өмнө нэлээд бодитой ам­жилтаар угтаж байна. Бүтээн байгуулагч болсон. Барилгын цэргийн ангийг шинэ байгууллага хэлбэрээр зохион байгуулж байгаа. Улс орны өмнө бүх шатанд цэргийн албан хаагчийн ур чадварыг дээшлүүлэх дээр олон арга хэмжээ авлаа. Цэргийн сүр хүч жагсаалдаа гэдэг. Жагсаалын тухай дүрэмд өөрчлөлт орууллаа. Цаашдаа цэргийн дүрэмт хувцсыг ч шинэчлэх юм. Өнгөрсөн  хоёр, гурван жилийн хугацаанд олон улсын арга хэмжээнд идэвхтэй оролцож ирлээ. Монгол цэрэг дэлхийд тоглогч байх алхмуудыг өргөн хүрээтэй хийсэн. Зэвсэг техник, материал хангамжийн тал дээр асар том өөрчлөлт гарсан. Сүүлийн 20-30 жил шинэчлэгдээгүй байсан энэ салбар улсын төсвөөс өгч байгаагаас хоёр дахин их хэмжээний буюу 100 гаруй сая ам.долларын техникийн шинэчлэлийг гадаад харилцааныхаа хүрээнд шийдвэрлэж чадсан. Боловсон хүчний сургалт дадлагыг амжилттай хийж, сүүлийн хоёр жилд 500 гаруй албан хаагч олон улсын энхийг сахиулах чиглэлээр 20 гаруй оронд дээд түвшний сургалтад хамрагдлаа. Бид цэргийн албан хаагчдын нийгмийн асуудал дээр амжилт гаргасан. Нөхөн сэргээх томоохон цогцолбор, амралт сувиллын сүлжээ байгуулж, албан хаагчдынхаа ар гэрийг орлоготой болгон баталгаажуулах, тэтгэврийг нэмэгдүүлэх, орон сууцны дэмжлэг үзүүлэх гээд олон талын арга хэмжээ авлаа.   Цэргийн албан хаагчаа орон сууцжуулах хүрээнд “1000 айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэн энэ онд 350 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулахаар боллоо. Энэ онд олон ой тохиож байна. Энэ бүх ойгоо бид гялалзсан өндөр амжилт гарган угтахаар төлөвлөн, хэрэгжүүлж эхлээд байна.
-Сьерра-Леон улсад манай энхийг сахиулагчид алба хаагаад ирлээ.  Тэд албаа хэр амжилттай гүйцэтгэж вэ?
-Монгол Улсын цэргийн баг Сьерра-Леон улсад арван ээлжээр 2500 цэр­гийн албан хаагч үүргээ амжилттай гүйцэтгэлээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол өчигдөр ирсэн.  Энэ тогтоолоор цэргийн албан хаагчдын ажиллагааг дүгнэхдээ Монголын цэр­гийн албан хаагчдын багийг  онцгойлон тэмдэглэж сай­шаасан байгаа.  Тэнд 50 гаруй орны 150 шахам цэргийн албан хаагч алба хаасан. Үүн дотроо манай цэргийн албан хаагчдыг сайшаасан нь тэсвэр хатуужил, ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дүгнэсэн хэрэг. Мөн дээрх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бидний хувьд ч улс орноо олон улсын түвшинд нэр хүндтэй төлөөлөх чадвартай болгосны гэрч гэж болно.
-Манай цэргийн албан хаагчид өөр ямар оронд алба хааж байна вэ?
-Одоо манай цэргийн эмнэлгийн баг Судан ул­сад үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Анх удаа цэргийн хоёрдугаар шатны эмнэлгийн багийг оролцуулж байгаа. Чад улсад бид цэргээ илгээгээд өнгөрсөн оны эцсээр дуусгавар болсон. Цаашдаа НҮБ-ын шинэ шинэ ажиллагаанд оролцох талаар санал хүлээн аваад байна. НҮБ-ын зүгээс ч бидэнд үргэлж­лүүлэн санал тавих байх гэж бодож байна. Бид ойрын үед хөтөлбөр гарган ажиллах болно.
-Ямар санал ирүүлсэн бол?
-Зааны ясан эрэг улсад Ерөнхийлөгчийн сонгууль будлиантай явагдсаны улмаас хоёр Ерөнхийлөгчтэй болоод байгаа. Энэ байдал иргэний дайны хэмжээнд хүрэх гээд байна. Үүн дээр НҮБ-аас үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс цэргээ явуулах шийдвэр гаргасан. Бид үүн дээр өөрсдийн саналаа хэлэлцэн илгээнэ. Эцсийн шийд хараахан тодорхой болоогүй байна.
-Олон улсын цэргийн сургуулилтыг  Монголд зохион байгуулдаг. Энэ сургуулилт үргэлжлэн явагдах уу?
-Энэ жил “Хааны эрэлд” сургуулилт маш өргөн хүрээнд явагдана. Одоогийн байдлаар энэ арга хэмжээнд таван орны цэргийн баг оролцохоо мэдэгдээд байгаа. Томоохон хэмжээнд явуулна. Хоёр талын 10 гаруй сургуулилт зохион байгуулна. Цаашид ч бусад орнуудтай яриа хэлэлцээрээ өргөжүүлж байгаа.
-Япон болсон аюулаас үүдэн яамны зүгээс тусламжийн ямар арга хэмжээ авч байгаа бол?
-Бид сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх үүднээс нэг өдрийнхөө цалинг хандивлаж байгаа. Өнөөдөр 200-300 хүний бүрэлдэхүүнтэй аврах, сэргээн босгох цэргийн баг ажиллуулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Японы тал манай талд цэргийн баг авах хүсэлт тавивал бид бэлэн байгаа. Японы ард түмнийг бэрхшээлийг даван туулахад нь туслахад  бэлэн байна.
-Манай улсад эдийн засгийн чуулга уулзалт болоод өнгөрлөө. Та энэ уулзалтыг хэр үр дүнтэй болсон гэж дүгнэж байна вэ?

-Эдийн засгийн чуулга манай салбарын тухайд шууд хамааралгүй учир би нээлтэнд нь оролцсон. Гэвч энэ чуулганыг олон улсын хэмжээнд зохион байгуулж байгаа нь үнэхээр чухал.  Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлаад зохион байгуулна гэдэг хөгжлийн том гарцыг бий болгож байгаа юм. Бид дотроо шүүмжлэлтэй хандаж байгаа ч дэлхийн оюун санааны охь болсон ухаантнууд, мэргэжилтнүүд, хэвлэл мэдээлийнхэн, олон нийтийн байгууллага хамтраад Монголын хөгжлийн гарцын талаар жил бүр уламжлал болгон хэлэлцэж байгаа нь үнэлж баршгүй ач холбогдолтой зүйл.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.