Хамтын тэтгэврийн сангийн тухай хуулийн эргэн тойронд
2014.01.29

Хамтын тэтгэврийн сангийн тухай хуулийг иргэд ихэд дэмжиж байна

С.Эрдэнэ, С.Одонтуяа, Д.Ганхуяг, Л.Эрдэнэчимэг нарын гишүүд Хамтын тэтгэврийн сангийн тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын чуулганаар өнгөрсөн баасан гарагт хэлэлцүүлсэн боловч МАН-ынхан эсэргүүцэж завсарлага аваад байгаа билээ.

Тэгвэл энэхүү хуулийг ард иргэд ихэд дэмжиж байна. Дэмжих нь ч аргагүй юм. Учир нь Хамтын тэтгэврийн хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх нөхцөл нааштайгаар эргэх магадлал өндөрсөнө.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн тайлбарлаж буйгаар сүүлийн жилүүдэд эрчүүд богино наслах болсон, гэвч эрчүүд амьдралын туршид илүү хөдөлмөрлөдөг, илүү орлого олдог, даатгалд арай илүү шимтгэл төлдөг, энэ утгаараа тэтгэвэр өндөр тогтоолгодог талтай, ийм ч учраас өрхийн тэргүүн нас барахад тухайн айлд сэтгэл санааны болоод эдийн засгийн хувьд хүнд цохилт болдог, энэхүү эрсдэлээс хамгаалахын тулд Хамтын тэтгэврийн сангийн тухай хуулийг санаачилсан хэмээж байна.

Үнэхээр ч эрчүүд нь илүү ажиллаж, илүү орлого олж, илүү амжилтад хүрдэг нь амьдралын жам. Ганц монголд ч биш дэлхий нийтэд энэхүү асуудал хүлээн зөвшөөрөгдчихөөд байхад манай эрчүүд богино насалж байна гэсэн судалгаа нотлогдсон тохиолдолд Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдвал үлдэж байгаа гэр бүлийнхэнд нь хичнээн хэрэгтэй билээ. Ер нь эр ч бай, эм ч бай Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдвал хэн хэнд нь л хэрэгтэй, эцэстээ насаараа ажлын төлөө явж байгаа монголчуудад тун “ашигтай” хууль юм.

“Хамтын тэтгэврийн тухай хууль”

Энэхүү хуулийн тухайд ханиа өнгөрснөөс хойш гэр бүлийн хүн нь хэдэн жил амьдарна, тэр хугацаандаа тэтгэврийг нь үргэлжлүүлэн авах аж. Нас барсан ханийнхаа тэтгэврийг 50, 70 эсвэл 100 хувь авах уу гэдгийг Тэтгэврийн даатгалын сангийн даац, ачааллыг тооцож үзээд УИХ-ын гишүүд шийдвэрээ гаргах юм байна. Одоогийн нөхцөл байдлыг харахад хууль энэ ондоо багтан батлагдвал 100 хувиар олгох боломжтой гэнэ лээ.

Мэдээж энэхүү хуулийн хүрээнд иргэд эрхээ эдлэхийн тулд үүргээ ч биелүүлсэн байх ёстой. Тодруулбал гэр бүл болсоноос хойш арав буюу түүнээс дээш жил нэг гэрт амьдарсан, гэрлэлтээ албан ёсоор батлуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч иргэн байх ёстой, дундаасаа үр хүүхэдтэй гэр бүл байна. Харин хамтран амьдарч үр хүүхэдтэй болсон ч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй бол энэ хуульд хамаарахгүй аж. Мөн эхнэр, нөхөр хоёулаа тэтгэвэрт гартлаа 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх учиртай.

Ийнхүү ахмад настныг амьдрах хугацаанд нь ямар нэгэн эрсдэлд оруулахгүй байлгах, ядуурлаас сэргийлэх зорилгоор уг хуулийг санаачилсан бөгөөд иргэд ч энэхүү хуулийг батлагдахыг тэсэн ядан хүлээж байна.