МАН-ын дарга М.Энхболд алдарт уяач боллоо
Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХYII жарны “Ялгуусан” хэмээх хөх модон морин жилийн босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ.
Уяачдын цолыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулан өгөв.
Монгол Улсын Тод манлай уяач цолоор Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул, улсын манлай уяач Батхүрэлийн Бат-Өлзий, Завхан аймгийн Улиастай сумын уугуул, улсын алдарт уяач Дашзэвэгийн Лхагвадорж, Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул, улсын манлай уяач Бэгзсүрэнгийн Содномцог, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, улсын манлай уяач Банзрагчийн Жанчив нарыг,
Монгол Улсын Манлай уяач цолоор Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, улсын алдарт уяач Пүрэвийн Мэндбаяр, Төв аймгийн Баян сумын уугуул, уяач Миеэгомбын Энхболд, Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, улсын алдарт уяач Дамбын Хишигжаргал, Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, улсын алдарт уяач Галбадрахын Баттөмөр нарыг,
Монгол Улсын Алдарт уяач цолоор Ховд аймгийн Чандмань сумын уугуул, уяач Батчулууны Ерөөлт, Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул, уяач Тогтохбуянгийн Лхасүрэн, Төв аймгийн Баянцогт сумын уугуул, уяач Сумъяасүрэнгийн Ганзориг, Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, уяач Рагчаагийн Ооёо, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, уяач Пүрэвдоржийн Алтансүх, Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, уяач Дайдийхүүгийн Баяраа, Ховд аймгийн Дарви сумын уугуул, уяач Түвдэнхүүгийн Батцоож, Дундговь аймгийн Хулд сумын уугуул, уяач Бандиагийн Баярсайхан, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзий нарыг тус тус шагналаа.
Уяачдад цол гардуулах ёслол дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Сар шинийн баярын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тод манлай, Манлай, Алдарт уяач болсон та бүхэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын түүх, Монголын тусгаар тогтнол, уламжлал, түүх шашдир, соёл морьтой холбоотой байдаг. Монголын уламжлалт морин спорт нь нүүдэлчдийн өв соёл, түүх, соёл, тусгаар тогтнолыг өөртөө шингээсэн гайхамшигт өвийг тээж явдаг. Морь уяж сойно, наадамчин олноо баярлуулна гэдэг бол нөр их хөдөлмөр юм. Та бүхэнд дахин баяр хүргэж, сар шинэдээ сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Баярлалаа” гэлээ.