Л.Энх-Амгалан: Зургаан хувийг 60 болгохын төлөө санаачилсан
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.02.05

Л.Энх-Амгалан: Зургаан хувийг 60 болгохын төлөө санаачилсан

УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай болон Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл санаачлаад буй.

“Малчдын тэтгэврийн насыг наашлуулах тухай” гэсэн албан бус нэрээр эчнээ танил болсон эл хуулийн төсөл Байнгын хороо болон нэгдсэн хуралдааны аль алинаар нь “ороогүй” ч хэдийнэ шүүмжлэл, дэмжлэг дагуулаад байгаа билээ. Ингээд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас тодрууллаа.

-Дээрх хуулийн төслийн “автор” нь МАН-ын бүлэг. Төсөл санаачлагчийн хувьд хамгийн гол ач холбогдлыг нь хэлэхгүй юү?

-Энэ хуулиар ганцхан малчдын асуудлыг шийдэх гэсэн юм биш. Малчдын тэтгэврийн насыг наашлуулж байгаа ч юм биш. Тэдэнд таван жилийн наана тэтгэвэр авах эрхийг нь олгоё гэсэн юм. Тэтгэврээ тогтоолгоод малаа маллах эсэх нь хувь хүний асуудал. Төсөл албан бус секторт ажиллаж байгаа буюу хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа, мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа хүмүүст хамаатай.

Мал аж ахуйн салбарт 340 мянга гаруй малчин байна. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тоо 170 мянгад хүрсэн. Үндсэндээ 500 мянга гаруй хүний дөнгөж 20 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагдаж байна. Үүн дотроо малчдын дөнгөж зургаан хувь нь сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа юм. Бид зургаан хувийг 60 болгохын төлөө энэ хуулийг санаачилсан.

-Төсөлд яг юу гэж заасан талаар тодорхой хэлбэл?

-Хуулиараа сар бүр тасралтгүй 20 жилийн турш шимтгэл төлөх тогтолцоотой. Энэ нь малчид, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст тохиромжгүй. Учир нь тэдний орлого тогтмол бус. Энэ нь сар бүр шимтгэл төлж чадахгүй гэсэн үг. Төсөл санаачлагчдын зүгээс үндсэн гурван асуудал тавьж байгаа. Нэгдүгээрт, сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүмүүс орлогодоо үндэслэн төлдөг байвал яасан юм бэ.

Малчид хавар ноос, ноолуур, намар мал мах, арьс шир гэхчлэн харьцангуй өндөр орлоготой байдаг. Тэгэхээр боломжтой үедээ шимтгэлээ төлдөг болох зохицуулалтыг тусгасан хэрэг. Өөрөөр хэлбэл, жилд нэг удаа юм уу, эсвэл улирлаар төлөх уян хатан нөхцөлийг оруулж өгч байгаа юм. Хоёрдугаарт, шимтгэлийн хувь хэмжээ сайн дураараа төлж байгаа эдгээр хүмүүсийн сонирхлыг татах хэмжээнд байж чадахг үй байна.

Сард хамгийн багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг төлөх зарчим одоо үйлчилж байгаа. Төлсөн нэг жилийн шимтгэлийг нь нэг жил зургаан сараар тооцох урамшууллын гэмээр заалтыг төсөлд тусгасан. Ингэснээр нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэнэ. Гуравдугаарт, малчдад хүнд, хортой нөхцөлөөр тэтгэвэрт гарах боломж олгож байгаа юм. Ингэсэн тохиолдолд малчид ажилласан жилээрээ тэтгэвэр авах нөхцөл бүрдэж байгаа юм.

Магадгүй хүнд, хортой нөхцөлд ажилласан гэж тэтгэвэрт гарахгүй гэвэл 20 жилийнхээ сүүлийн 15 жилд нь мал аж ахуйн салбарт ажилласан, гэхдээ 10 жилийнхээ шимтгэлийг төлсөн бол 15, 20 жил төлсөн бол 30 жилээр тооцож тэтгэврийн насыг нь таван насаар наашлуулах бололцоо байна гэж харж байгаа.