С.Эрдэнэ: Энэ бол улс төрийн шоу
УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай болон Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл санаачлаад буй.
“Малчдын тэтгэврийн насыг наашлуулах тухай” гэсэн албан бус нэрээр эчнээ танил болсон эл хуулийн төсөл Байнгын хороо болон нэгдсэн хуралдааны аль алинаар нь “ороогүй” ч хэдийнэ шүүмжлэл, дэмжлэг дагуулаад байгаа билээ. Ингээд УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Та дээрх хуулийн төслийн сураг дуулдахтай хамт малчдын тэтгэврийн насыг наашлуулахыг хүчтэй эсэргүүцсэн. Хувь гишүүн болоод салбарын сайдын хувьд яагаад үүнийг дэмжихгүй байгаа юм бэ?
-Би хуулийн төслийг бүхэлд нь эсэргүүцээгүй. Малчдын хөдөлмөрийг бодитой үнэлж, зах зээлийн зарчимд нийцсэн шударга үнэлэмж бий болгох нь хамгийн чухал. Тэтгэврийн насыг нь наашлууллаа гээд малчид тэтгэвэрт гараад, мал маллахаа больчих юм уу. Эсвэл гэртээ хэвтээд байх уу. Үгүй шүү дээ. Малчны хөдөлмөрт насны хязгаар заадаггүй. 80 хүрсэн ч малаа эргүүлээдсээр л явдаг насан туршийн хөдөлмөр.
Ингэж тэтгэврийн нас зааж, наашлуулж, цаашлууллаа гээд бодит үр дүн гарахгүй. Тэгээд ч малчин 50 настай тэтгэвэрт гарлаа гээд гар дээр ирэх хэдэн цаас нь нэмэгдэхгүй. Ажилласан жил нь бага болонгуут тэтгэврийн хэмжээ нь харин ч багасна. Тэтгэврийн насыг наашлуулснаар үр дүн гарахгүй. Ний нуугүй хэлэхэд энэ бол улс төрийн шоу. Нөгөө талаас үүнийг дагаж олон сөрөг үр дагавар бий болно. Тухайлбал, тэд тэтгэврийн гэсэн тодотголоор эрхээ эдлэх олон боломж нь хязгаарлагдана. Малчдаас эрхийг нь хасахын учир юу юм бэ. Энэ чинь шийтгэл юм биш үү.
Ер нь тэтгэвэрт гарна гэдэг нь “хөдөлмөрлөх чадвараа алдлаа, одоо болно” гэсэн л үг шүү дээ. Үнэндээ тийм сайхан зүйл биш. Монгол Улсын хүн амын хөгжлийн бодлогод 2024 он гэхэд дундаж наслалт 75 байхаар тооцсон. Дундаж наслалт нэмэгдэж байхад тэтгэвэрт эрт гарахын хэрэг юу байна. Сэтгэл зүй талаас нь бодсон ч тухайн хүнээ шууд хямрааж, ганцаардуулдаг.
-Малчдаа тусгайлан харж үзэх нь бодит шаардлага байж мэдэх юм. Та санал нийлж байна уу?
-Солонгос, Сингапур, Япон зэрэг оронд хөдөлмөрийн үнэлэмжийн өөр жишиг байдаг. Тодруулбал, тэнд загасчдын ажилласан жилийг ингэж тооцдог. Жишээ нь, ажилласан нэг жилийг 1.5 жилээр тооцдог. Магадгүй хуульд ийм өөрчлөлт оруулбал малчдаа бодитойгоор тусгайлан харж үзсэн болж чадна.
Ингэвэл 10 жил ажилласан малчин 15, 20 жил ажилласан нь 30 жилээр ажилласан жилээ тооцуулна гэсэн үг. 30 жил ажилласан хүний тэтгэвэр нь өндөр байх нь ойлгомжтой шүү дээ. Өөрсдөө бодож, сэтгэж чаддаггүй юм гэхэд бусдын амжилттай туршлагаас суралцах хэрэгтэй.