Монгол улс мөнгөтэй байх, үгүйг тодорхойлох цөмийн технологийг хэрэглэж байна
"Студи 4" ярилцлагын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт МУ-ын засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр оролцож байна.
- Цөмийн энергийн газар ямар үйл ажиллагаа явуулдаг газар вэ?
Манай цөмийн энергийн газар бол цөмийн технологийг энхийн хэрэгцээнд нэвтрүүлэх, цөмийн технологи хэрэглэж байгаа газруудад хяналт тавих гэсэн үндсэн хоёр чиг үүрэгтэй байгууллага. Цөмийн технологийг маш олон салбарт хэрэглэж байгаа. Энэ хэрэглээг дэмжих, тэр хэрэглээг стандартын дагуу ашиглаж байгааг хянах үндсэн чиглэлтэй байгууллага юм. Дээрээс нь цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэгтэй.
- Цөмийн технологийг их олон салбарт ашигладаг гэж дурьдлаа. Ямар ямар салбарт ашиглаж байна?
Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш гэж үг байдаг. Бид ийм салбарт ашиглаж байна гэдгийг хэлж байхгүй бол хүмүүс мэддэггүй юм байна гэж дүгнэсэн. Жишээлбэл шүдний эмнэлэгт гажиг шалгуулахад цөмийн технологийн аппаратаар зураг авахуулдаг. Хавдар судлалын эмнэлэгт хавдар оношлуулах, эмчилгээ нь цөмийн технологид суурилсан цацрагаар эмчилдэг байх жишээтэй. Нэгдүгээр эмнэлэгт гэхэд эрхтэн шилжүүлэн суулгахын өмнөх үе шатууд, суулгах, мөн дараа үед цөмийн технологийг хэрэглэж байна.
Монгол улс хөдөө аж ахуйн орон учир малын өвчлөлийг анагаах вакциныг цөмийн технологид суурилан хийж байгаа. Мөн манайх уул уурхайн хамааралтай эдийн засгийн орон. Тэгэхээр энэ салбарт нэг тонн хүдэр дотор хэдий хэмжээний алт байна гэдгийг цөмийн технологит суурилан геологийн төв болон бусад лабораторид анализын аргаар гаргаж, эдийн засагчид тооцоо хийн зах зээл дээр үнийг нь тогтоодог.
Монгол улс мөнгөтэй байх уу, үгүй юу гэдгийг тодорхойлох цөмийн технологи манайд хэрэглэгдэж байна. Мөн хил дээр бүх бараагаа шалгуулдаг цүнхэн дотор юу байгааг мэдэх боломжтой систем нь өөрөө цөмийн технологид суурилсан төхөөрөмж гэх мэт зүйлсэд цөмийн технологийн энхийн хэрэглээг ашиглаж байгаа.
- Одоо л ойлгож эхэлж байна. Цөмийн технологи их хол юм шиг санадаг байсан аль хэдийнэ бидний хэрэглээ болчихсон байна. өнгөрсөн онд цөмийн энергийн комисс байгуулагдсаны 50 жил тохиосон. Олон улсын атомын энергийн байгууллагад элссэний 40 жилийн ой гээд цөмийн технологийн ач холбогдлыг эртнээс мэдчихсэн байна?
Бид их ухаантай ард түмэн юм. Цөмийн энергийн комиссыг 50 жилийн өмнө байгуулаад олон улсын атомын энергийн байгууллагын гишүүн болоод 40 жил болсон энэ хугацаанд цөмийн технологийн олон нээлтийг олж амьдралд хэрэглэсэн байна. Бас бүс нутгийн хэмжээнд энхийн зорилгоор цөмийн технологийг нэвтрүүлэх хамтын ажиллагаа сайн байна гэж олон улсын атомын энергийн агентлагаас манай улсыг өндрөөр үнэлсэн.
Энэ бол манай салбар сайн хөгжиж, үе үеийн төр засгийн удирдлага анхаарал тавьж ирсний үр хэмээн харж байгаа. Тиймээс 50 жилийн ойгоо өргөн тэмдэглэж, физикчид маш өргөн цуглаж, салбарын олон эрдэмтэд цуглан сэтгэл хангалуун цаашид хийх 50 жилийн сууриа тавьсан жил болсон. Энэ жил илүү ихийг хийнэ гэж зорьж байгаа.