Ц.Элбэгдорж: Олимпийн наадамд улс төр хутгалдаж болохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын Сочи хотноо зохиогдож байгаа Өвлийн олимпийн 22-р наадмын нээлтийн ажиллагаанд оролцлоо. Түүнтэй Оросын сэтгүүлчид уулзаж, сэтгэгдлийг нь сонссон байна.
- Ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа. Та анх удаагаа Сочид ирж байна уу?
- Тиймээ, анх удаагаа Сочид ирлээ. Зочид буудал, спорт цогцолбор гээд л үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлж байна.
- Танай орны тамирчид ямар төрөлд оролцож байна вэ? Ямар амжилт гаргана гэж найдаж байгаа вэ?
- Монголоос гүйлтийн цанын төрөлд хоёр тамирчин оролцоно. Мэдээж бид амжилттай сайн гулгана гэж итгэж байгаа. Хөгжөөн дэмжигчийн хувьд би анх удаагаа Өвлийн олимп үзэж байна. Хоёр жилийн өмнө Лондонд Зуны олимп үзэхэд том хотод болж байсан бол энд сайхан уул, нуруун дунд явагдаж байна.
- Барууны том орнуудын төр засгийн тэргүүнүүд Сочигийн олимпод ирэхээс татгалзсан. Та ирэх үү, болих уу гэж эргэлзсэн үү?
- Үгүй, огтхон ч эргэлзээгүй. Бид хөрш улсууд. Би ямар нэг оронд айлчилж байгаа биш, хөршийндөө л зочилж байна.
- Олимпийн үеэр та ямар нэг орны тэргүүнтэй улс төр, олон улсын харилцааны талаар ярилцах уу?
- Энд спортын арга хэмжээ болж байгаа тул улс төр байж болохгүй. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй өчигдөр би хүлээн авалт дээр уулзсан. Гэхдээ ямар ч улс төр яриагүй. Бид 100 жил ойр дотно хөршийн харилцаатай явж ирсэн улс. Дэлхийн хоёрдугаар дайны үед Монгол Улс ЗХУ-ын бараг цорын ганц холбоотон байлаа. 2014 онд бид Японы империалистуудыг Халхын голд ялсны 75 жилийн ойг тэмдэглэнэ. Ойгоор бид ОХУ-ын удирдагчид, ялангуяа Ерөнхийлөгч В.Путинийг урихыг хүсч байна. Мөн Азийн аварга шалгаруулах самбо бөхийн тэмцээн зохион байгуулахаар бэлтгэж байгаа.
- Сочи хотын спортын цэнгэлдэх хүрээлэн барих ажилд авлига их гарсан гэж шүүмжилж байгаа. Монголд ийм асуудал байдаг уу?
- Авлига гэдэг бол их эртний үзэгдэл. Авлига ямар ч оронд тэр дундаа Монголд ч бий. Гэхдээ бид Сочид авлига байгааг олж хараагүй л байна.